Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "12 дугаар сарын 17-нд нийт 9.070 хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатарт 18 хүнээс коронавирус илэрлээ. 

Илэрсэн тохиолдлууд нь бүгд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан иргэд, эмч, ажилчид байна. Улмаар тус эмнэлгээс нийт 20 тохиолдол илэрлээ. 

Эмнэлгийн эмч ажилтан, өвчтөн, сахиур зэрэг нийт 347 хүнийг тусгаарласан.

Илэрсэн 18 тохиолдлын ойрын хавьтал нийт 645 хүнийг олж тогтоогоод 266-г нь тусгаарласан, 469-ийг нь гэрт нь тусгаарласан. Тандалт, шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна" хэмээлээ.

Өнөөдрийн байдлаар:

  • Дорноговь аймагт нийт 32
  • Орхон аймагт нийт 25
  • Архангай аймагт нийт 3
  • Говьсүмбэр аймагт нийт 4
  • Дархан-Уул аймагт нийт 45 
  • Сэлэнгэ аймагт 216
  • Улаанбаатарт нийт 163 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улмаар манай улсад дотооддоо илэрсэн халдвар 488, нийт бүртгэгдсэн тохиолдол 941 боллоо. Тэдний 473 нь эдгэрсэн. Нийт 452 хүн эмчлэгдэж буйгаас 41 хүн хөнгөн, 32 хүн хүндэвтэр, 3 хүн хүнд, 1 хүний биеийн байдал маш хүнд байна. Нийт 9 хүн нутаг буцжээ.