Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "12 дугаар сарын 15-нд нийт 10.5999 хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатарт 5 хүнээс коронавирус илэрлээ. Бусдаас нь илрээгүй.

Илэрсэн тохиолдлуудын 3 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан хүмүүс бөгөөд 2-3 дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. 

Хоёр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хүмүүс. Тэд эмнэлэгт хэвтэх үедээ түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан. Хэвтсэнээс хойш 5 дахь хоногт нь давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрлээ. 

Коронавирусийн том дэгдэлтийн дараа ингэж эн; тэндээс өвчлөл гарах эрсдэл байдаг. Тиймээс бид халдвар бүртгэгдсэн үед нь маш шуурхай хариу арга хэмжээ авч, хавьтлуудыг тогтоох, хяналтад авах нь чухал. Тэдний ойрын хавьтал болох 69 хүнийг тусгаарласан. Шинжилгээнүүдийг хийж байна. Одоогоор ойрын хавьтал 179 хүний шинжилгээний хариу сөрөг гараад байна. Тандалт, шинжилгээ үргэлжилж байна. Иймд иргэд халдвар хамгаалалтын дэглэмээ сайн мөрдөх шаардлагатай" хэмээлээ.

Өнөөдрийн байдлаар:

  • Дорноговь аймагт нийт 32
  • Орхон аймагт нийт 25
  • Архангай аймагт нийт 3
  • Говьсүмбэр аймагт нийт 4
  • Дархан-Уул аймагт нийт 45 
  • Сэлэнгэ аймагт 216
  • Улаанбаатарт нийт 145 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улмаар манай улсад дотооддоо илэрсэн халдвар 470, нийт бүртгэгдсэн тохиолдол 923 боллоо. Тэдний 384 нь эдгэрсэн. Нийт 530 хүн эмчлэгдэж буйгаас 481 хүн хөнгөн, 45 хүн хүндэвтэр, 3 хүн хүнд, 1 хүний биеийн байдал маш хүнд байна. Нийт 9 хүн нутаг буцжээ.