ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

АНУ, Бразил, ОХУ батлагдсан халдварын тоогоороо тэргүүлсэн хэвээр байна. АНУ-д өчигдөр 26 мянган хүн шинээр халдвар авсан нь батлагдаж, мянга гаруй хүн нас баржээ.  Нийт халдвар авсан хүний тоо 1,6 сая болсноос 450 мянган хүн эдгэрч 97 мянга гаруй хүн эндсэн. Одоогоор АНУ-д сая гаруй хүн идэвхтй халдвартай байна.

ОХУ-д 8599 шинэ тохиолдол бүртгэгджээ. Сингапур улсад 548 тохиолдол тус улсад бүртгэгдсэний 3 нь дотооддоо илэрчээ. 

БНСУ-д 16 шинэ тохиолдол илэрч 3 хүн нас баржээ. Шөнийн клубээс эхтэй халдварын тоо 225 болжээ. Эдгээр тохиолдлын 96 нь клубээр үйлчлүүлсэн иргэд бол 129 нь тэдгээрээс хоёрдогч байдлаар халдвар авсан ойрын хавьтлууд болохыг тогтоожээ.

Япон улсад 42 шинэ тохиолдол бүртгэгдсэний 14 нь нийслэл Токиод бүртгэгджээ. Сүүлийн 7 хоног тус улсад халдварын тархалт буурсаар байна. БНХАУ-д өчигдөр 11 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тэдгээр тохиолдлын 10 нь ӨМӨЗО-оос зөөвөрлөгдөн иржээ.   ӨМӨЗО-нд гаднаас 150 тохиолдол гаднаас зөөвөрлөгдсөн хэмээн бүртгэгдээд байгаа юм.