Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 1914-1918 онд болсон дайныг үүсгэхэд хүргэсэн буруу үйл ажиллагаанаас зайлсхийж, олон талт бодлого баримтлахыг дэлхийн I дайны үеэр амиа алдсан цэргүүдэд хүндэтгэл үзүүлэхээр Парис хотноо цугласан улс орнуудын төр, засгийн тэргүүн нарт уриаллаа.

"Парисын энх тайвны чуулга уулзалт"-ын нээлтийн үеэр Эммануэл Макрон үг хэлэхдээ, “бидний өвөг дээдэс дэлхий дахинд энх тайван тогтоохоор хичээж ирсэн. Гэвч энэ байдал нэг талыг баримталсан бодлого, эдийн засгийн хямрал, үндсэрхэг үзэл зэргээс болж үгүй болох эрсдэлтэй байна. Бидний амьдарч буй нийгмийг тогтворгүй болгодог хямрал, цагаачдын асуудал, цахим гэмт хэрэг зэрэг асуудал дэлхийн дахины энх тайван байдалд заналхийлж байна. Мөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл газар авч байгаа нь нөхцөл байдлыг улам бүр доройтуулж байна" гэж дурдаад, тиймээс бид энх тайван байдлыг жил ирэх тусам бэхжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэж олон улсын удирдагчдад уриалжээ.

Дэлхийн I дайн төгсгөл болсны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Герман, Израиль, Канадын төр, засгийн тэргүүн нар Араб болон Африкийн орнуудын удирдагчидтай мөр зэрэгцэн Ялалтын хаалга чиглэн алхаж, тус дайны үеэр амиа алдсан 10 сая гаруй цэргийн дурсгалд хүндэтгэл үзүүлжээ.

Дэлхийн I дайны дууссаны 100 ойг тэмдэглэхээр Ялалтын хаалганд цугласан төр, засгийн тэргүүн нарын зураг түүх болон үлдэх болно гэж Макрон мөн хэлэв.

Хоёр өдөр үргэлжилсэн Парисын энх тайвны чуулга уулзалтад 70 орчим төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцжээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп чуулга уулзалтад оролцоогүй юм. Гэвч тэрбээр Францын нийслэл хотоос холгүй орших америк цэргүүдийн оршуулгын газарт зочлох үеэрээ энх тайвныг бэхжүүлэхэд чиглэсэн үйл хэрэгт гар бие оролцохоо мэдэгджээ.

Мөн тэрбээр, “100 жилийн өмнө аймшигт дэлхийн I дайн төгсгөл болсон. Энэ нь АНУ-ын хувьд түүхэн үйл явдал юм. Манай цэрэг эрсийн амиа золиослон байж авчирсан энх тайвныг хадгалан бэхжүүлэх нь бидний үүрэг юм” гэж хэлжээ.

"Энх тайвны чуулга уулзалт"-ын анхны хэлбэр болох энэ уулзалтын нээлтийн үйл ажиллагааны үеэр Германы Канцлер Ангела Меркель үг хэлэхдээ, “өнөөгийн тулгамдсан асуудлуудыг ганц орон дангаараа бус харин олон улс хамтран зохицуулж чадна. Тиймээс бид нийтлэг нэг зорилго, хандлагатай байх хэрэгтэй гэж мэдэгдэв.

Үүний зэрэгцээ тэрбээр, “100 жилийн өмнөх энэ дайныг эргээд нэг харахад улс төр болон дипломат ажиллагаанд буулт хийх хүсэлгүй байх, харилцаа холбоо хомс байх зэрэг нь сүйрлийн үр дагавартай гэдгийг бидэнд ойлгуулж байна гэж хэлээд, өнөөгийн энх тайван яг энэ үгний утга шигээ байхгүй байгаа, заримдаа энэ байдал тов тодорхой харагддаг бөгөөд бид жинхэнэ энх тайвны төлөө тэмцэх хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэлээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua