Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улстай 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улс 2016 оны 2 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн билээ.

Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны “Жаргалан" хотхоноос өөрийн хөрөнгөөр амины орон сууц бүхий 1449 ам метр хэмжээтэй газар худалдан авч, Элчин сайдын яамны байрны зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яаманд гаргажээ.

Иймээс Монгол Улсын нэгдэн орсон Консулын харилцааны тухай Венийн конвенцид хүлээн авагч улс нь томилогч улсын Дипломат төлөөлөгчийн газруудад орон байр олох, барихад дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдлыг хангахаар заасны дагуу хүлээсэн үүргийнхээ хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үүднээс уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй дээрх газрын солбицлыг улсын газрын кадастрын мэдээллийн санд шалган магадалж, бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалттай аливаа давхардалгүй болохыг газар дээр нь хэмжилт хийж, баталгаажуулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Дараа нь“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцлээгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.