Тогтохын Очирбат (1946-2020)


Бидний хайрт аав, ээжий минь халамжит хань Тогтохын Очирбат нь 2020 оны 09 сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Хань ижил үр хүүхэд, ач зээ, ах дүү, найз нөхөддөө төрж өссөн Сутайн нуруу шигээ нөмөр нөөлөг болсон эрхэм хайрт хүндэт хүнээ алдах их гарз уй гашууг  үгээр хэлэхэд бэрх байна.

Ахин төрлийг олохоор бурхны орныг зорьж буй хайрт аавынхаа араас  энэ насных нь туулж өнгөрүүлсэн тэмцэж мацаж олсон амьдралын түүхийг дурсан санаж ард түмэнтэйгээ хуваалцахыг хүсч байна.

Бидний аав Тогтохын Очирбат нь 1946 оны гал нохой жилийн өвлийн дунд сард Говь-Алтай аймгийн Тонхил суманд Бөмбөгөрийн Хөх Тохой гэдэг газар төржээ. 1955 онд сумын дунд сургуульд элсэн орж төгсөөд улмаар 1966 онд Худалдааны техникумыг ,1970 онд МУИС Санхүүгийн ангийг төгссөн юм.

Тэрээр 1970 оноос Сангийн Яаманд улсын төсвийн орлогч нягтлан бодогчоор ажиллаж эхэлж, 1970-1985 он хүртэл Сангийн яаманд ажиллаад  1985-1989 онд Хэнтий аймгийн Санхүүгийн хэлтсийн даргаар, 1990-1992 онуудад Шинжлэх ухааны академид Санхүүгийн хэлтсийн даргаар, 1992 онд Хан Уул дүүргийн Татварын хэлтсийг анх байгуулагдахад уг  хэлстийн даргаар 1997 он хүртэл ажилласан байна.

1997  оноос тэтгэвэрт гартлаа Сүхбаатар дүүрэгт татварын газарт  ажилласан юм.

Тэрээр 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн медаль, Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр, 1996 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2001 онд Алтан гадас одонгоор, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны  800 жилийн ойн медалиар шагнагдаж байлаа.

Тэрээр улс орондоо санхүү татварын салбарын тэргүүний ажилчин үр хүүхэд ах дүү найз нөхөддөө түшиг тулгуур нь болсон буянтай нэгэн байлаа.

Хайрт аавын маань гэгээн дурсгал бидний зүрх сэтгэлд үүрд орших болно.

 

Ум мани бадми хум

Тогтохын Очирбатын хань, үр хүүхэд ач зээ нар