Монголчууд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг арга билэг гэж үздэг байв. Мөн айл гэр, цаашлаад улс орныг түших “хоёр багана” хэмээн эн тэнцүү, ижил тэгш үнэлдэг байлаа. Тийм ч учраас тэртээ XIII зуунд монгол хатад төрийн их хуралдайд оролцож, бүр Чингисийн есөн өрлөг жанжины өмнүүр орж үг хэлдэг байсныг Есүй хатны жишээнээс бид бэлхнээ мэднэ.


Дэлхийн хамгийн сонгодог соёл иргэншилтэйд тооцогддог Ромын эзэнт гүрэнд хүртэл эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрхгүй байхад, монголчууд хэзээнээс улс төрийн томоохон шийдвэрүүдэд хатад, эмэгтэйчүүдийн саналыг сонсож, зөвлөлдөж ирсэн нь Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Харамсалтай нь, он цаг улиран солигдож, найман зуун өнгөрсний дараа, өдгөө Монгол улс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны үзүүлэлтээр БНАСАУ-ын (Хойд Солонгос) ард жагссан гэвэл та итгэх үү? 

Монгол Улсын парламентийн түүхэнд нэг ч эмэгтэй хотын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байгаагүй

Монгол улсын нийт сонгогчдын 51%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг ч, парламент дахь тэдний төлөөлөл ердөө 17.3%-ийг эзэлдэг байна. Уг үзүүлэлтээр Монгол улс 2020 онд дэлхийн 189 улсаас 122-д бичигдэж, БНАСАУ, Тажикстан, Саудын Араб зэрэг ардчилсан бус улсуудаас ч хойгуур жагссан тухай улс төр судлаач С.Болдсайхан судалгааны нийтлэлдээ өгүүлжээ.

Мөн Монгол улсын парламентийн түүхэнд нэг ч эмэгтэй хотын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байгаагүй нь улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо тун хангалтгүй байгааг нотолж буй хэрэг юм. 

Тиймээс бид цахим орчинд бяцхан судалгаа явуулж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаарх олон нийтийн санал бодлыг тандсан юм. Уг судалгааны үр дүнд ажиглагдсан нэг анхаарал татахуйц зүйл нь хүмүүс нас буюу үе үеэсээ хамаарч эмэгтэйчүүдийн улс төрийн чадавхыг харилцан адилгүй үнэлсэн явдал байлаа.

Gen Z үеийнхний (судалгаанд оролцсон) 81% нь эмэгтэй хүн Ерөнхийлөгч болж “чадна” гэж үзсэн бол, X үеийнхний 39% нь “чадахгүй” гэж үзжээ

Сүүлийн жилүүдэд судлаачид хүмүүсийг төрсөн оноор нь тодорхой үеүдэд хувааж, үе тус бүрийн үзэл бодол, үнэт зүйл, онцлог шинж ялгаатай байгааг дурдах болсон билээ. Тэгвэл энэ байдал бидний судалгаан дээр ч мөн ажиглагдсан юм. 

Цахим судалгаанд нийт 150 хүн оролцсоны 43% нь Gen Z үеийнхэн (18-24 нас) байсан бол, 26% нь Миллениалбуюу 25-40 насныхан, 27% нь Х үе буюу 41-56насныхан байлаа. Цахим судалгаа учир залуу үеийнхэн илүү идэвхтэй оролцсон нь дээрх тооноос харагдаж байна. Гэсэн ч бид тооны ялгаанаас үл хамааран, үе тус бүрийг 100% гэж үзээд, судалгааны үр дүнг тус тусад нь тайлагнахад дараах үр дүн гарлаа.

Эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн ажлыг хийж чадах уу?

Gen Z (18-24 нас)

Тийм- 81,5%

Үгүй- 4,6%

Мэдэхгүй- 13,8%

Миллениал (25-40 нас)

Тийм- 57,5%

Үгүй- 10%

Мэдэхгүй- 32,5%

X үе (41-56 нас)

Тийм- 46,3%

Үгүй- 39%

Мэдэхгүй- 14,6%

Дээрх судалгаанаас үе дээшлэх тусам эмэгтэйчүүд Ерөнхийлөгчийн ажлыг хийж чадна буюу “тийм” гэсэн хариулт өгсөн хүмүүсийн хувь буурч, “үгүй” гэсэн хариулт өгсөн хүмүүсийн хувь нэмэгдэж буй нь ажиглагдаж байна.

Жендэрийн уламжлалт хэв хэмжээ иргэдийн үзэл бодолд нөлөөлдөг

Судлаачид эмэгтэйчүүдийн улс төрийн чадавхыг нийгэм хангалттай үнэлэхгүй байгаагийн суурь шалтгаан нь жендэрийн уламжлалт хэв хэмжээ гэж үздэг билээ. Энэ нь бидний бяцхан судалгаагаар ч мөн нотлогдсон юм. 

Тухайлбал, эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн талаарх хэвшмэл ойлголт болон жендэрийн уламжлалт хэв хэмжээ ноёлсон үед өсөж торнисон X үеийнхний нилээдгүй хувь (39%) нь “эмэгтэй хүн Ерөнхийлөгч болж чадахгүй” гэж үзсэн байна. Та бүхний харж буйгаар “эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн ажлыг хийж чадахгүй” гэсэн хариулт өгсөн хүмүүсийн хувь өмнөх хоёр үе дээр 10 хувиас хэтрэхгүй байсан бол X үе дээр 39% болж огцом өсчээ. 

График 


Made with Flourish

Харин жендэрийн эрх тэгш байдлыг дээдэлж, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж буй орчин үеийн нийгэм дэх залуусын (Gen Z) дийлэнх олонх буюу 81% нь “чадна” гэж үзжээ. Мөн сонирхолтой нь “мэдэхгүй” гэдэг хариулт өгсөн хүмүүсийн тоо Миллениал үеийнхний дунд маш өндөр буюу 32,5%байгаа нь, хоёр үеийн завсрын үе учир бусад үеэсээ илүү эргэлзээтэй байр суурьтай байна гэж дүгнэж болохоор байгаа юм.

*Судалгаанд 56-аас дээш насныхан оролцоогүй нь судалгаа авсан арга, хэрэгсэл буюу цахим орчны хэрэглээтэй холбоотой хэмээн үзэж байна.

Судалгаатай дараах линкээр орж танилцана уу. Энд дарах

(Жич: судалгааны эх хувь дээрх үр дүнгийн график нь үеүдийг тусад нь авч үзэх бус судалгаа өгсөн нийт хүмүүсийн хариултыг бүхэлд нь нэгтгэж, хиймэл оюун ухаан автоматаар үнэлсэн тул бидний дээрх үр дүнгээс зөрүүтэй байхыг анхаарна уу.)

Энэ мэтчилэн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, чадавхын талаарх олон нийтийн санал бодолд үе хоорондын ялгаа, зөрүү нилээдгүй нөлөөлж байгаа нь харагдаж байна. Нэн ялангуяа жендэрийн уламжлалт хэв хэмжээ ноёлсон үед өссөн X үе болон түүнээс дээш үеийнхэнд жендэрийн эрх тэгш байдал, ижил тэгш оролцооны ач тусыг таниулж, шинэ үзэл санааг түгээх нь бусад үеэс илүү чухал байгаа нь ажиглагдаж байгаа юм.

Тэгвэл эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо өндөр байх нь нийгэмд ямар ашиг тустай болон эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар улс төр судлаач С.Болдсайхантай ярилцлаа.

Х. Үүрийнтуяа