Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Хөнгөлөлттэй эмийг ирэх сараас буюу 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн улс даяар бүх эмийн сангаар олгоно.

Энэ хүрээнд:

- Хөнгөлөлттэй эмийн цахим жорыг зөвхөн өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмчээр бичүүлж авдаг байсан бол одоо бүх шатны эмнэлгийн эмч хөнгөлөлттэй эмийн жир бичдэг боллоо.

- Хөнгөлөлттэй эмээ өөрийнхөө ажил, гэртээ ойрхон аль ч эмийн сангаас авах боломжтой.

- Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт дуусахгүй тул хэрэгцээтэй үедээ эмчдээ үзүүлж цахим жороо бичүүлж болно.

- Эмийн санд өглөө эрт очиж дугаарлан зогсох шаардлагагүй, цахим жорын хүчинтэй байх хугацаанд эмээ авах боломжтой.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Хөнгөлөлттэй эмийг бүх эмч бичдэг болж байгаа. Жор бичих бүх эмчийг коджуулж байна. Бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгох болсон учир эмийн сангуудтай гэрээ хийж байна. Мөн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өөрчлөлт оруулж байна. Тодорхой 5 шалгуур гаргаж, эдгээр шалгуурт багтсан эмүүдийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулна. Хөнгөлөлттэй эм хүрэх ёстой хүндээ хүрэхгүй байх тохиолдлууд байгаа учир хяналтаа сайжруулж, 11 дүгээр сарын 01-нээс бүх эмийн сангаар олгоно. 

Хөнгөлөлттэй эм сар бүрийн эхний гурав хоногт дуусдаг. Үүнд хамрагдахын тулд иргэд өглөө эрт очиж дугаарладаг нөхцөл байдал байгаа. Иймд эмийн сангуудад гүйцэтгэлээр нь долоо хоног бүр хөнгөлөлттэй эмийн санхүүжилтыг олгоно. Улмаар сарын турш эм дуусахгүй байна" энэ сарын 08-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн юм.