Мансууруулах бодис наймаалагч “Халиско” гэх томоохон бүлэглэлийн толгойлогч Немесео Осегера Сервантес буюу Эль Менчог баривчлахад тус болох мэдээллийг 1.56 сая доллароор худалдан авна гэж Мексикийн Ерөнхий прокурорын газар мэдэгдлээ.

“Халиско” нь Мексик дэх мансууруулах бодис наймаалагч бүлэглэлүүд дундаа хамгийн томд тооцогддог байна. 2015 онд тус бүлэглэлийн гишүүд цэргийн нисдэг тэрэг рүү халдаж, найман хүний амийг хөнөөжээ. Үүний зэрэгцээ хурдны зам дээр явж байсан цагдаагийн машин руу халдаж, цагдаагийн 15 албан хаагчийн амийг хөнөөж, таван хүнийг шархдуулсан байна.

2015 онд Мексикийн эрх баригчид тус бүлэглэлтэй тэмцэх өргөн хүрээтэй ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ үеэр дээрх халдлагууд болжээ. Үүгээр ч зогсохгүй уг ажиллагаатай холбогдуулан тус бүлэглэл Мексикийн хоёр дахь том Гвадалахара хотод томоохон хэмжээний бослого гаргаж, хэдэн арван машин болон шатахуун түгээх станцыг шатааж, банкнуудыг сүйтгэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг