Электрон тамхинд агуулагддаг тусгай амт оруулагч нь зүрхний шигдээс, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Шинжээчид электрон тамхины “э-шингэн”-ийг шинжилж үзэхэд тус шингэн нь  цусны судсан дахь эсийг гэмтээдгээс гадна зүрх судасны өвчинд хүргэх эрсдэлтэйг тогтоожээ. 

Электрон тамхи нь табака агуулдаггүй учраас жирийн тамхитай адил уушгины хавдар үүсгэдэггүй тул эрүүл мэндийн хувьд илүү бага эрсдэлтэй гэж үздэг.
Гэсэн ч никотины агууламж нь артерийн судсыг нарийсган, хатууруулдаг байна. Уг тамхины тусгай амт нь хэрэглэгчдийг татах нэг хүч болдог. Станфордын их сургуулийн шинжээчид тус тамхины зургаан төрлийн амтыг шинжилсэн ба үүнд жимс, табака, синнамон, ментол зэрэг багтжээ. Амтлагч тус бүрийн никотиний агууламж өөр байсан ба ДНХ-д хохирол учруулж, эсийн үхэл, үрэвсэл үүсгэж байсныг олж тогтоосон байна. 

Шинжээчдийн үзэж буйгаар эдгээр сөрөг үр дагавар нь судас хатуурах, цус өтгөрөх зэрэг эрсдлийг авчрахаас гадна тогтмол хэрэглээ нь зүрхний шигдээс, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Үүнээс гадна э-тамхийг хэрэглэгчид нь илүү зүрх судасны өвчинд нэрвэгддэг болохыг тогтоожээ.

Станфордын судалгааг удирдаж байсан Доктор Жосеф Вүгийн хэлснээр “Өнөөдрийг хүртэл э-шингэн хүний эндотелийн эсэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл байгаагүй. Харин энэ судалгаагаар э-тамхи нь уламжлалт тамхийг орлох аюулгүй арга биш болохыг харуулж байна. Бид эсэд зургаан өөр төрлийн амттай э-шингэн хэрхэн нөлөөлж байгааг судалж үзэхэд ихээхэн хохирол учруулж байгааг олж мэдсэн. Эсийн хэвийн байдал алдагдаж хэд хэдэн саатал илэрсэн” хэмээн тайлбарлажээ.

Уг тамхины амтлагч нь өөрөө хортой болохыг шинжээчид хэлсэн ба тэр дундаа синнамон болон гааны амт нь хамгийн муу нөлөөтэй болохыг тогтоосон байна.