АНУ-ын Сандийн Үндэсний лабораторийн /Sandia National Laboratories, SNL/ эрдэмтдийн баг хүн төрөлхтний түүхэнд гарган авсан материалуудын дотроос элэгдэлд хамгийн тэсвэртэй шинэ хайлшийг гарган авчээ. Тэдний хийсэн эрдэм шинжилгээний ажлын талаар "Advanced Materials" сэтгүүлд нийтэлсэн байна.

Хайлшийг гарган авахын тулд эрдэмтэд манай гараг дээрх ховор металлууд болох алт, цагаан алт хоёрыг хооронд нь хольж, хайлш бий болгожээ. Шинэ хайлш нь маш бат бөх бөгөөд үлгэрлэн жишвээс, уг хайлшаар хийсэн автомашины дугуйгаар дэлхийн экваторын бүслүүрийг /40 075 км/ 500 удаа тойрох боломжтой гэнэ.
 
Хайлшийн ер бусын шинж чанарыг батлахын тулд эрдэмтэд атомын түвшинд судалгаа хийсэн байна. Туршилтын явцад шинэ төрлийн хайлш нь гадаргуу дээр хар хальс үлдээж байсан нь алмааз төст нүүрстөрөгч байжээ. Энэ нь хамгийн үр дүнтэй, хиймэл тосолгооны материал юм.
 
Шинээр гарган авсан материалыг цахим төхөөрөмжийн үйлдвэрлэлд ашиглаж болох аж. Жишээ нь, ухаалаг утасны хөдөлгөөнт хэсгүүд дээр хайлшийг нимгэхэн түрхэхэд уг утсыг ашиглах хугацаа хэд дахин уртсаж, ингэснээр цахим төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт жилд 100 сая ам.долларын хэмнэлт гарах юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг