Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ромын Пап Гэгээн Хутагт Францист Итгэмжлэх жуух бичгээ барьж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав. 

Итгэмжлэх жуух бичгээ барьж байгаатай холбогдуулан Гэгээн Ширээт Улсын Төрийн нарийн бичгийн дарга буюу Засгийн газрын тэргүүн Тэргүүн хамба Петро Паролин, Гадаад улс орнуудтай харилцах асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Тэргүүн хамба Пол Ричард Галлагер, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын орлогч дарга Пауло Боржиа нар Элчин сайд Л.Пүрэвсүрэнг тус тус хүлээн авч уулзав.

Уулзалтуудын үеэр анх 2000 оноос хэрэгжиж байсан Ватиканы Архив, Номын санд хадгалагдаж байгаа Монголын Эзэнт гүрний түүхэн баримт, эх сурвалжуудыг судлах судалгааны ажлыг сэргээн үргэлжлүүлэх, Ватиканы музейтэй хамтран түүх, соёлын үзэсгэлэн гаргах боломжийг эрэлхийлэхээр тохиролцож, мөн шашин хоорондын яриа хэлэлцээг олон улсын тавцанд идэвхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар талаар санал солилцов.