Ойролцоогоор 40-өөд минутын өмнө "Эко Алтан Заамар" компанийн уурхайн хөрс цөмөрч 7 машин унажээ.

Нэрээ нууцласан эх сурвалжийн дурьдсанаар унасан газрынх нь хөрсний гүн 80 метр гэнэ. Энэ талаар Төв аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад,

"Манайд 17 цаг 20 минутын үед Заамарын алтны уурхайгаас ослын дуудлага ирсэн. Аврах ангийнхан одоогоор дуудлаганд яваад байна" гэлээ.

Эх сурвалжийн хэлснээр тус уурхайн удирдлагууд уурхайн ажлаа бүрэн зогсоосон бөгөөд ажилчдыг гадагшаа мэдэгдэхгүй байхыг хүссэн гэнэ. 

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан Заамар” компани  2018 оны 5 дугаар сарын 30-наас үйл ажиллагаа эхлүүлсэн байдаг. Ажлаа эхлүүлээд 3 сарын дараа Туул голд бохир усаа урсгаж буй бичлэг нь цахим орчинд тархаж, олон нийтийг багагүй бухимдуулсан.

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас “Эко алтан заамар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай албан дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн ч өдий хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлж иржээ.


18  цаг 30 минут:

"Эко Алтан Заамар" компанийн уурхайн хөрс цөмөрч 7 машин дарагдсан билээ. Тус газарт Төв аймгийн Онцгой байдлын газар ажиллаж байгаа бөгөөд 3 хүнийг авраад байгаа аж. Авран хайх ажиллагаа явагдаж байна.



21 цаг 00 минут:

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Эко Алтан Заамар ХХК-ийн уурхайд осол гарсан гэх мэдээллийн мөрөөр тус компанийнхантай холбогдон албан ёсны тодруулга авлаа. 

Албан эх сурвалжийн мэдээлж байгаагаар өнөөдөр 17 цагийн үед тус уурхайд хөрсний нуранги үүссэн бөгөөд уг нурангид нийт 6 ажилтан өртсөнөөс аврах ажлыг шуурхай зохион байгуулж эхний ээлжинд 2 ажилтныг аварч тус сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэнээр биеийн байдал хэвийн байна гэж байна.

19 цагийн үед Улаанбаатар хотоос

-Үндэсний аврах ангиас 

-12, Уул уурхайн аврах албанаас 8 нийт 20 аврагчийг 2 нисдэг тэргээр тус уурхай дээр ажиллахуулахаар аваачаад байна.

Мөн уурхайн 1 ш экскаватор, 1ш бульдозер тус хөрсний нурангид дарагдаад байна. Дарагдсан ажилчид тус техникүүдийн кабинд байгаа операторууд аж. Энэ осол нь урьд шөнө Төв аймгийн Заамар сумын нутаг, Хайлааст багийн орчимд 23:00 цагийн үед 4.6 магнитуудын хүчтэй газар хөдөлсөн явдалтай холбоотой бөгөөд энэ газар хөдлөлт нь хөрс нурах, гулсалт үүсэх нөхцлийг бүрдүүлсэн гэж албаны эх сурвалж мэдэгдэж байна. Мөн тус уурхайн зэргэлдээх ажиллаж эхлээгүй хоёр ч уурхайд ийм нуранги үүсээд байгаа гэв

Бид энэ талаар албан эх сурвалжуудаас тодруулан эргэж мэдээлэх болно.