Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног” энэ сарын 1-7-ны өдрүүдэд тохиодог билээ. 26 дахь жилдээ болж буй “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг энэ жил ЭМЯ болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын хүүхдийн сангаас хамтран “Эхийн сүү – эрүүл амьдралын эхлэл” уриан доор зохион байгуулж байна.

Энэ долоо хоногийн хүрээнд өнөөдөр "Нялх балчир хүүхдийн хүнсний  тухай хууль"-ийн танилцуулах уулзалт боллоо.  

Уг хуулийг батлах олон үндэслэл байгаа талаар энэ өдөр мэргэжилтнүүд хэлэлцсэн юм. Тухайлбал сүүлийн хэдэн жил монгол эмэгтэйчүүдийн хүүхдээ хөхөөр хооллох тоо эрс багассан ажээ. Үүнийг 2014-2015 онд улаанбурхан өвчнөөр нас барсан 0-8 сартай хүүхдүүдийн 72 хувь нь хөхөөр хооллоогүй гэсэн тоо баримт батална. 

Мөн энэ үеэр хүүхдийн сүүн тэжээлийг импортлогч болон зарж борлуулдаг ААН-үүд оролцсон юм. 

Эхийн сүү нь найрлагадандаа зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг юугаар ч орлуулшгүй төгс хүнс юм. Хүүхдийг төрснөөс нь хойш 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллосноор  уушгины хатгалгаагаар өвчлөх  эрсдэлийг 23 хувиар, суулгалтаас шалтгаалах эндэгдлийг 10.5 хувиар, хатгалгаанаас шалтгаалах эндэгдлийг 15.1 хувиар тус тус бууруулж чаддаг байна.

Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжиж, IQ чансааг 3-4 оноогоор дээшлүүлдэг тул суралцах чадвар, хожмын ажил, амьдрал, амжилтад нь чухал нөлөөтэй гэж үздэг .

2018 онд Дэлхийн 170 гаруй улсад Хүүхдийг эхийн сүүгээр хооллох долоо хоногийг дараах зорилтуудын хүрээнд тэмдэглэж байна. Үүнд:

  • Мэдээллээр хангах: зохистой хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал, ядуурлыг бууруулах зэрэгт эхийн сүүгээр хүүхдийг хооллох нь ямар ач тустай болохыг олон нийтэд мэдээлж, ойлгуулах,  
  • Баттай хэвшүүлэх: Хүүхдийг эхийн сүүгээр хооллох дадлыг эрүүл амьдралын үндэс хэмээн баттай хэвшүүлэх,
  • Хамтран ажиллах: эхийн сүүгээр хооллохын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд иргэд, байгууллагуудыг татан оролцуулж, хамтран ажиллах,
  • Хүчин чармайлтыг эрчимжүүлэх: зохистой хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал, ядуурлыг бууруулах үйл ажиллагааны хүрээнд хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих хүчин чармайлтыг эрчимжүүлэх зэрэг болно.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, гэр бүл, олон нийт хамтын хүчин чармайлт гарган ажиллаж, ирээдүйн тогтвортой хөгжлийг бүрдүүлэх эрүүл саруул хойч үеийнхээ төлөө хамтран ажиллахыг уриалж байна