Төрөхөөр ирсэн эмэгтэй ЭХЭМҮТ төвд очтол өөр хаалгаар ор гэж буцааснаас болж  таксинд хүүхдээ төрүүлсэн явдал шуугиан тариад байгаа билээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл уг асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлэхдээ "Харанхуй шөнө, хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно.  Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсанд уучлал хүсье. Цаашид салбарын ёсзүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно" гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгнө гэдгээ дөнгөж сая мэдэгдсэн байна.

Тэрбээр " Энэ явдлыг зөвтгөх шалтгаан байхгүй. Манай хамт олонд гаргасан амжилт олон бий. Гэхдээ нэгэнт хувь хүнийхээ хувьд дүгнэлт хийж би ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө" гэсэн юм.

Ш.Энхтөр нь 1994 онд ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуулийг хүүхдийн эмч мэргэжлээр төгсчээ.  Ажлын гараагаа ЭНЭШТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгаас ажлын гараагаа эхэлсэн байна. Дараа нь тасгийн эрхлэгч, Хүүхдийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн дэд захирал хийж байгаад, 2011 оноос ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирлын алба хашиж байгаа юм.