Европын Холбоо /ЕХ/ ойрын долоо хоногуудад Венесуэлийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн Дээд төлөөлөгч Федерика Могерини мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Брюссель хотод болсон ЕХ-ны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтын дүнд өнгөрсөн даваа гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
 
Түүнчлэн энэ сарын 20-нд болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийг ардчиллын стандартыг зөрчсөн үйл явц болсон гэж гадаад хэргийн сайд нар үзэж байгаа учир тэд сонгуулийг дахин явуулахыг Венесуэльд уриалжээ.
 
Николас Мадуро Венесуэлийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоны дараа АНУ тус улсын эсрэг шинэ хориг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Түүнчлэн Латин Америкийн хэд хэдэн улс болон Испани улс Венесуэлийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг