Европын Холбооны 28 улсын удирдагч 15 цаг яриа хэлэлцээ хийсний дүнд цагаачлалын асуудлаар тохиролцоонд хүрсэн тухай Люксембургийн Ерөнхий сайд Ксавье Беттель мэдэгджээ.
 
ЕХ-ны удирдагчид цагаачлалын хямралыг зохицуулах нэгдмэл чиг хандлагыг боловсруулахыг эрмэлзэж байсан нь Брюссельд болсон уулзалтын гол сэдэв байсан юм. Цагаачлалын хямралын асуудлаар тохиролцоонд хүрэхээс нааш манай улс уулзалтын үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурах бодолгүй байна гэж Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте өмнө нь мэдэгдсэн.
 
Энэ сарын 24-нд Брюссельд болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр Итали улс “Европын олон түвшний стратеги” хэмээх баримт бичгээ танилцуулсан юм. Уг баримт бичигт ЕХ-ны гишүүн улсууд цагаачдыг хүлээн авахад албадан квот тогтоох саналыг тусгасан бөгөөд квот тогтоохоос татгалзсан улс орнуудын ЕХ-ны төсвөөс орж ирэх зорилтот санхүүлжилтийг нь багасгахыг санал болгожээ. Түүнчлэн баримт бичигт Дублины хэлэлцээрийг эргэн харахыг хүссэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг