Европт “Boeing 737 Max 8, 9” загварын онгоцоор хийдэг бүх нислэгийг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг Европын Агаарын тээврийн аюулгүй байдлын агентлаг мягмар гарагт гаргажээ.

Өнгөрсөн ням гарагт Этиоп улсад дээрхтэй ижил загварын нисэх онгоц осолдсоны улмаас 157 хүн амиа алдсантай холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргасан байна. Уг нисэх онгоц нь Аддис Абеба хотоос хөөрснөөс хэдхэн минутын дараа осолдсон юм.

“Нисэх онгоц осолдохын өмнө нисгэгч доголдлын талаар мэдээлж, нисэх онгоцны буудал руу буцахаар төлөвлөж байсан” гэж Этиопын агаарын тээврийн компаниас мэдээлсэн байна.

Европын Агаарын тээврийн аюулгүй байдлын агентлагаас мэдээлснээр, дээрх ослыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ба ослын шалтгааныг эцэслэн дүгнэхэд хэтэрхий эрт байгаа ажээ.

Өнгөрсөн оны 10 дугаар сард Индонезын нийслэл Жакарта хотоос хөөрсөн “Boeing 737 Max 8” загварын нисэх онгоц осолдсоны улмаас 189 хүн амиа алдсан юм.

Дэлхий даяар агаарын тээврийн олон компани “Boeing 737 Max” загварын онгоцоор нислэг үйлддэг бөгөөд энэхүү нисэх онгоц нь 2017 онд үйлчилгээнд нэвтэрч байжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua