Өнөөдөр Олон улсын стандартын өдөр. “Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 14-нд Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC), Олон улсын стандартчиллын байгууллага (ISO),  Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-ын гишүүн байгууллагууд тэмдэглэдэг.

Энэ жил уг өдрийг дэлхий даяар  "Эх дэлхийгээ стандартаар хамгаална" гэсэн уриатайгаар тэмдэглэж байна. Хүн төрөлхтөний хөгжлийг даган бий болсон бүх төрлийн үйлчилгээ-үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь хүлэмжийн хийг ихэд нэмэгдүүлсээр уур амьсгалын өөрчлөлтийг бий болгон экосистем, амьдрах орчинд сөргөөр нөлөөлсөөр буй.

Хүн амын хурдацтай өсөлт, хотжилт, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөнд хязгаарлагдмал нөөц баялгаа хариуцлагатай ашиглахыг олон талаар анхааруулсаар байгаа билээ.

Байгаль орчинд хүний үзүүлж буй сөрөг нөлөөллийг зөв арга хэрэгсэлд тулгуурласан, улс төрийн зоригтой тодорхой шийдэл бууруулж чадна гэж дэлхий даяар үзэж байна.  Тэрхүү зөв арга хэрэгслийн нэг нь дэлхий даяар улс орнуудын баримтлан мөрдөж буй олон улсын стандарт юм. IEC, ISO, ITU-ийн боловсруулсан олон улсын стандартууд нь тулгамдсан бэрхшээл асуудлыг шийдвэрлэх бодит шийдлийг харгалзан үздэг баримт бичгүүд байдаг.

Зөвхөн ISO-ийн байгаль орчин, эрүүл мэндийн хамгаалал, аюулгүй байдал гэсэн ангилалд өнөөдрийн байдлаар 1900 орчим батлагдсан стандарт мөрдөгдөж байна.

Манай улсын хувьд Байгаль орчны салбарт гэхэд л шууд хамаардаг 396 үндэсний стандарт мөрдөгддөг. 2012-2019 онд БОАЖЯ-аас санаачилан 71 стандартыг шинээр болон шинэчилэн боловсруулж батлуулсан.

Стандарт нь дэлхийн бүх улс орнуудын хүрээнд ноу-хау, мэдлэг, туршлага, сургамжаа өргөн хүрээнд хуваалцахад тусалдаг. Мөн эрчим хүчний хэмнэлт, ус, хөрс, агаарын чанарын, эрүүл аюулгүй амьдрах гм бүхий л асуудлыг хамардаг хүнд хөнгөнүйлдвэрлэл, үйлчилгээний үйл явцын экологи-байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, хязгаарлагдмал нөөцийг дахин ашиглах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, эрүүл аюулгүй амьдрах орчныг хамгаалж, хангахад бүх талаар тусалдаг, нийгмийн хариуцлагатай гүйцэтгэлийг бий болгодог “хуулийн дархлааны чухал дэмжигч” юм.