ВАШИНГТОН/РИА Новости/. Парисын Эх дагинын сүмд гал гарсантай холбогдуулан Вашингтон хотын оршин суугчид Францтай сэтгэл санаагаараа хамт гэдгээ илэрхийлж, Вашингтон дахь Францын Элчин сайдын яаманд цэцэг өргөжээ.

Христийн хамгийн алдартай сүмүүдийн нэгд гал гарч, дэлхийн өвийн дурсгалд ноцтой хохирол учирсан талаарх мэдээлэл гарснаас хойш хэдэн цагийн дараа Францын Элчин сайдын яамны байрны дэргэд гурван баглаа цэцэг байсан аж.  

“Бид Француудыг дэмжиж байгаа гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Бага байхдаа Нотр-Дамын сүмд очиж байсан. Тэнд үнэхээр гайхалтай байсан. Одоо ийм зүйл болсон нь үнэхээр аймшигтай хэрэг” хэмээн Вашингтон хотын оршин суугч Брижет Флетчер ярьжээ. 

Парисын Эх дагинын сүмд өнгөрсөн даваа гарагийн орой томоохон гал дэгдэж эхэлсэн юм. Гал сөнөөгчид хэдэн цагийн турш шаргуу ажилласны эцэст галыг унтраасан байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, засварын ажлаас үүдэн гал гарсан байж болзошгүй аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг