“Эрх чөлөө” хөдөлгөөнөөс зохион байгуулсан “Ардчиллын уналт уу, ардчилагчдын алдаа юу” хэлэлцүүлэг өчигдөр UB Grand зочид буудлын хурлын танхимд өрнөсөн юм.

Хэлэлцүүлгийн зочноор уригдсан эрхмүүдийн илтгэлийг сийрүүлэн хүргэж байна. "Эрх чөлөө” хөдөлгөөнөөс зохион байгуулсан уг хэлэлцүүлэгийн үеэр улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од ийнхүү ярьсан юм. 

МУБИС-ийн багш, Улс төрийн ухааны доктор Э.Гэрэлт-Од:

Ардчиллын уналт гэдэг дэлхийн улс орнуудад түгээмэл ажиглагдаж байгаа сэдэв. Ардчилсан улсуудыг шинээр ардчилагдсан улсууд, хуучин либераль ардчилалтай байсан улсууд гэж хуваадаг.  Энэ арга зүй бас хуучирч байгаа. 2004 онд Монголд Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон улсуудын тавдугаар бага хурал гээд олон улсын том хурал болсон. Эндээс юу харагдсан гэхээр шинээр ардчилагдсан ялангуяа 1975 оноос хойш ардчилал руу шилжсэн улс орнуудад түгээмэл ажиглагдаж байгаа зүйл нь ардчиллын хямрал, доройтол гэсэн дүгнэлт хийцгээж байсан. Сүүлийн хэдэн жил хуучин ардчилалтай гэгддэг, либериаль ардчилал нийгмийн хөрсөнд нь маш сайн соёолж, сууж чадсан улс орнуудад ч бас хямраад эхэлсэн. Хамгийн ойрын жишээгээр Америк, Европын улс орнуудыг бас хэлээд байна. Умард Европын улс орнуудад ардчиллын янз бүрийн судалгаагаар сүүлийн 20 жилд төрд итгэх итгэл нь унаж эхэлсэн. Судлаачид ардчиллын үндсэн институтциуд нь үндсэн үүргээ гүйцэтгэж чадахаа болиод, энэ нь ардчилалд сөргөөр нөлөөлж байна гэж дүгнэж байна. 

Би гурван судалгааны дүгнэлтийг л харуулах гэсэн юм. Сүүлийн гурван жил дараалан хийгдсэн ардчиллын төсөөллийн индекс гэж судалгаа байна. 2020 оны дөрөвдүгээр сараас зургадугаар  сарын хооронд хийгдсэн судалгаа. Энэ судалгаагаар бас л дэлхий даяар ардчилал хямарч байна. Ардчиллаас зарим улс орнууд ухарч байна. Ковидтой холбоотойгоор ардчиллын үнэт зүйлс компьютерт орж байна гэж үзэж байна. Венесуэл, Унгар, Украйн, Польш, Нигер улсууд ардчиллаас ухарч байна гэсэн. 53 улс орны 122 000 хүнээс авсан судалгааны дүгнэлт.  Фридом хаусын судалгаагаар сүүлийн үед ардчилсан улс орнуудын тоо цөөрч байна гэж дүгнэсэн. Дэлхийн банк зэрэг байгууллагууд хэрэглэдэг ардчиллын индекс байна. Манайх 6.5 гэж үнэлэгддэг. Гажсан ардчилалтай гэж тодорхойлогддог юм билээ.

Ардчилал гэхээр үнэт зүйл ярих юм уу, тогтолцоо ярих уу гэдэг асуултын өмнө би гайхаад л байж байна. Ямар ч хүн байж болно, тогтолцоо нь эрүүл бол засаад аваад явчихна гэсэн төсөөллөөр бид ардчилал руу шилжин орсон шүү дээ. 

Тогтолцоо дотор институтууд хувь хүний манлайлал дээр тогтдог. Манайлагчид нь ардчиллын үнэт зүйлийг тээсэн, шингээсэн, итгэл үнэмшлээ болгосон хүмүүс мөн үү гэж бодож өөрөөсөө асуусан. Би улс төрийн нам, дотоод ардчиллыг сонирхож судалдаг. Монгол залуу ардчилалтай гэдэг. 30 жилийн түүхтэй. Сүүлийн үед монголчууд ардчилал гэдгийг арай өөрөөр ойлгоод байгаа юм болов уу. Хоёр жилийн өмнө судлаач Т.Ундаръяатай ярьж байхад тэр надад ингэж хэлсэн. Чи хар даа, анх бид ямар зорилгоор хаант засаглалаас салсан юм бэ. Ердөө өмчийн харилцаа, эдийн засгийн асуудал байсан. Өмчийн 99 хувь нь хаандаа байсан. Үлдсэн нэг хувь нь ядууст ногдож байсан. Тийм ч учраас тэд тогтолцоогоо эсэргүүцэж, өмчийг тараах гэж оролдсон гэсэн сонирхолтой дүгнэлт байна.  Дараа нь XX зууны эхэнд дэлхийн нэгдүгээр дайны эхэнд бас л адилхан шалтгаантай. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг хар даа. Хүмүүс цалингаараа амьдарч болдог нийгмийг хүссэн ч үр дүнд хүрч чадахгүй байна. 

Хүмүүс баяжсан хүмүүсийг муулж, баялагийг дахин хуваарилалтад оруулахыг хүсч байгаа юм биш үү гэж тэр ярьсан юм. Хэрвээ энэ үнэн бол бид ахиад цаашаа уналт руу явна. Баян хүмүүсийг үзэн яддаг нийгэм бий болж байна. Энэ бол зүгээр л нэг гаргалгаа шүү. Та бүхэн бодоод үзээрэй. 

Либериаль ардчилал мухардалд орж байгаа юм биш үү гэж барууны судлаачид ярьж эхэлсэн. Монголд ч ийм байдал ажиглагдаж байгаа. Ялангуяа сүүлийн арван жилд либериаль ардчилалтай улс орнууд мухардалд ороод, бэрхшээлтэй тулгарч, түүнийгээ шийдэж чадахгүй байгаа. Харин тэр тулгамдсан асуудлуудыг зүүний чиг баримжаатай измууд нь хүчээр шийдээд байх шиг.

Монгол пост социалист орон. Бид либериаль үзэл санаа яриад байгаа ч амьдралд хэрэгжихгүй байгаа шалтгаан нь нийгмийн ядуурал. Азийн барометр гэж судалгаа Монголд дөрвөн удаа хийгдсэн. Азийн улс орнуудын хөгжил, ардчилал, засаглалыг харьцуулсан судалгаа юм. Тэр судалгаанд монголчуудын төрд итгэх итгэл, тэр дундаа улс төрийн намд итгэх итгэл хамгийн бага түвшинд хүрсэн. Улс төрийн намд итгэх итгэл дөнгөж 20 хувьтай. Үл итгэх хандлага нь 80 хувьтай. Институтцид үл итгэх хандлагын үр дүнг өнөөдөр бид хүртэж байж болох юм. Монголд улс төрийн нам онолын, жинхэнэ хэв загварт орж төлөвшиж, зохион байгуулалтад орж чадаагүй. Улс төрийн нам ардчиллын гол тоглогч. Намаар дамжиж иргэд төлөөллөө хэрэгжүүлдэг.  Намаар дамжиж эрх мэдэл, баялагийг хуваарилдаг. Нам дотоод ардчилалгүй байгаа энэ дүр зураг өнөөдрийн улс төрийн бодит дүр зураг. Энэ бол улс орны хөгжлийн саад, бэрхшээлийн нэг. 

Сонгуулийн тогтолцоо буюу тоглоомын дүрэм чухал. Ардчилал бол нээлттэй тогтолцоо. Сайн муу, сайхан муухайгаа агуулж байдаг. Либериаль ардчиллын онолоор ардчилал өө сэвээ засаад явах учиртай гэж үздэг. Ардчилсан бус үзэл санаа хаалттай тогтолцоо. Тэнд муухай юм байж болохгүй, бүгд сайхан байх ёстой. Тийм учраас илүү сайхан харагддаг ч байж болох юм. 

Монголын ардчилал уналтанд орж байна уу гэвэл үгүй байх. Энэ бол байдаг л динамик үзэгдэл болов уу. Харин ардчилагчдын алдаа юу гэвэл тийм гэж хэлнэ. Ардчиллын үнэт зүйлийг өөртөө шингээсэн улстөрчид лидерүүд хэр байгааг хэлж мэдэхгүй байна.