БНСУ-ын  Пусан хотын даргын урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж буй  Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр  Пусан хотын  дарга  Со Бёнсүтэй уулзаж,  хоёр хотын хооронд хэрэгжүүлэх шинэ төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Пусан хотын дарга  Со Бёнсү хэлэхдээ “Хэрэм босговол мөхдөг. Зам барьвал хөгждөг  гэсэн  Монгол ардын  зүйр үг байдаг. Манай хоёр хотын хамтын ажиллагаа нэг жилээр хэмжигдэж байгаа ч  олон салбарт эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байна" гэв.

Нийслэлийн Засаг дарга  С.Батболд  “Пусан -Улаанбаатар хотын харилцаа түүхийн хувьд нас залуу ч  эрчимтэй хөгжиж байгаагийн нэг илрэл нь өнөөдрийн энэхүү үйл явдал гэж миний хувьд үзэж байна. Пусанд найрсаг хамтын ажиллагаатай манай хоёр хот иргэд хоорондын харилцаагаа идэвхжүүлэх зорилгоор “Пусан албан ёсны хөгжлийг дэмжих тусламж” төслийг хэрэгжүүлэх, боловсрол болон соёл урлагийн салбарт  ч  нэн шинэ хамтын ажиллагааг эхлүүлж байгаадаа  сэтгэл хангалуун байна.  Холын Пусан  Улаанбаатарт ойртож,  манай хоёр хот бүхий л салбарт  хамтдаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ. 

Улаанбаатар Пусан хотын хооронд “Пусаны хөгжлийн албан ёсны тусламж” төслийг хэрэгжүүлж, сургуулийн сурах орчныг сайжруулах, “Эгч дүүсийн тосгон“ байгуулах, эрүүл мэнд,  боловсролын салбарт Сонгинохайрхан дүүрэгт томоохон ажил хэрэгжүүлэхээр зорьжээ.  Уг төслийн  санамж бичигт  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд   Пусан хотын дарга  Со Бёнсү нар  гарын үсэг зурлаа.

Мөн  энэ үеэр Нийслэлийн Соёл урлагийн газар болон Пусан хотын соёл, аялал жуулчлалын  газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт   гарын  үсэг зурах ёслол болов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.