Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийв.


Баяр наадмын төсөвт 1.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

Энэ үеэр НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “2020 оны наадмын төсвийг 2019 оны долоодугаар сараас эхлэн төлөвлөдөг. Үндэсний их баяр наадмыг хуулийн дор зохион байгуулдаг. 2020 оны наадмыг 3.0 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Тус ажлыг есөн салбар хорооноос зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар баяр наадмыг зохион байгуулахаар төлөвлөсөн 3 тэрбумаас 1.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөн гүйцэтгэл санхүүжилт нь гарч байна. Өмнө жилээс онцлог зүйл нь сур, бөх, хурдан морь уралдааны газарт халдваргүйжүүлэлт хийж байгаа учраас ариутгалын тодорхой хэмжээний зардал гарч байгаа. Мөн бусад шагнал, урамшууллын зардлыг хуулийн дагуу тогтоож гаргасан. Түүнчлэн хэв журам Цагдаа, Онцгойгийн ажилчдыг тээвэрлэх зардал ч орсон” гэлээ.


"Хурдан морины уралдааны үеэр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана"

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн байгууллага улсын их баяр наадам болбол хэрхэн ажиллах тухай судалгаа гаргаж, Улсын Онцгой комисст танилцуулсан. 

Хэрэв Хүй долоо худагт нэгдсэн байдлаар тэмдэглэвэл 800 бөх, хурдан морь, уяач, хүүхдүүд гээд олон хүн бөөгнөрөх учраас тус тусад нь зохион байгуулахаар болсон. Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэнд болбол хотын төвд учраас халдвар дэгдэх аюултай гэж үзэн XIII зуун цогцолбор, Хүй долоо худагт болохоор болсон. 

XIII зуунд Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваан талбай бэлэн болсон. Цогцолборт зөвхөн уралдаанд оролцох хүн л орно. Хүй долоон худагт бэлдсэн 2000 орчим автомашины зогсоолд харваач, бөхчүүд машинаа байршуулна. Маргааш хурдан морины салбар комисс хуралдаж, дахин нарийн шийдвэр гаргана. Хурдан морины уралдааны үед Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана. Орж байгаа хөдөлгөөн нээлттэй байна” гэдгийг мэдээллийн үеэр онцолж хэлэв.


Монголчуудын Үндэсний их баяр наадмын тухай Дэлхий дахинд үзүүлэх контент гаргана гэв

Үндэсний их баяр наадмын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Би 1980 оноос хойш Үндэсний их баяр наадмын нээлтийн ажилд жил алхсалгүй оролцсон. Бидний зохион байгуулсан зүйлс бүх хүний сэтгэлд нь хүрдэггүй. Гэхдээ дийлэнх нь наадмын нээлт, хаалт гайгүй боллоо гэсэн яриатай хоцордог. Жил бүр наадмын нээлтийг Монгол Улсын хүн амын нэг хувьд ч хүрэхгүй хүн буюу 13 мянга орчим хүн биеэр очиж үздэг. Түүнчлэн Хүндэтгэлийн концертыг СТӨ-нд 1.200 хүн сууж үздэг. Үүнээс ихэнх нь УИХ-ын гишүүн, гадаад дипломат төлөөлөгчдийн газрынхан байдаг. 

Харин бодит байдал дээр 600 иргэн л үздэг. Энэ нь хүн амын 0.1 хувьд ч хүрэхгүй тоо юм. Тийм учраас наадмын нээлт үзэж чадахгүй гэдэг нь цөөхөн хүний яриа бөгөөд тэдгээр хүмүүст л хамаатай асуудал. Жил бүр телевизүүд наадмыг шууд дамжуулахад маш их анхаардаг ч техникийн алдаа их гарч, сүүлд нь хэцүүхэн бичлэг үлддэг. 

Энэ жилийн хувьд эртнээс бэлдэж байгаа учир ямар нэг техникийн алдаа гарахгүй. Тиймээс энэ жил наадмын нээлт, хүндэтгэлийн концертыг Монгол Улсын хүн амын 99.99 хувь нь өнгөрсөн жилүүдийнхээс гурав дахин илүү чанартай түвшинд хүлээж авна. Хамгийн гол нь наадмын нээлт, хүндэтгэлийн концертыг хальс дээр буулгаж, Монголчуудын Үндэсний их баяр наадмын тухай Дэлхий дахинд үзүүлэх контент гаргаж авах юм” хэмээлээ.

Коронавируст халдвар /Covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний их баяр наадмын өдрүүдэд:

  • Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх,
  • Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол,
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал;
  • Дээлтэй Монгол наадам;
  • Өсвөрийн бөхийн барилдаан;
  • Өсвөр үе, балчир насны хүүхдийн сурын болон шагайн харваа;
  • Төрийн дайллага;
  • Уяачдын наадам;
  • Соёл, урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар түр журамд заасан гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан онцолж хэлсэн юм.