МАН-ын бүлэг ээлжит бус чуулганаас завсарлага авав

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр Засгийн газрыг огцруулах асуудлаар хуралдсан. Чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр үгэндээ “2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-д ард түмэн асар их итгэл хүлээлгэсэн. МАН ээлжит сонгуулийн үр дүнд үнэмлэхүй ялалт байгуулан УИХ-ын 65 суудлыг авч чадсан. Энэ удаагийн УИХ-ын сонгууль ард түмний итгэл, хүлээлт дээр суурилсан байсныг хэлэхийг хүсч байна. Сонгуулийн өмнөхөн Монгол Улсын эдийн засгийн өсөлт -1.6 хувьд хүрч, төсвийн алдагдал 1.2 их наяд төгрөгт хүрсэн, Монгол Улс төлбөрийн чадваргүйд тооцогдоход ойрхон байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ. Өнгөрсөн хугацаанд ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсын санхүү, эдийн засгийн суурь үзүүлэлт сайжран гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл нэмэгдсэнийг дурдах нь зүйтэй. 2017 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс дөрвөн пунктээр өссөн байна. Эдийн засаг сэргэх энэхүү байдал нь өөрөө аяндаа бий болоогүй. Энэ бүхэн төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулж, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга хариуцлагыг чангатгах, зарлагын үр ашгийг дээшлүүлэх тал дээр Та бидний гаргасан бодлогын шийдвэр амжилттай хэрэгжсний үр дүн” хэмээлээ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал нь зөвхөн эрх баригч намын дотоод асуудал биш гэдгийг УИХ-ын дарга үгэндээ тэмдэглэлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. 

Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын асуудлыг хэлэлцүүлэхийг хүслээ

Дараа нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн бөгөөд тэрбээр “Өнөөдөр хэлэлцэж буй саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Шадар сайд У.Хүрэлсүх нарын хооронд үүссэн гэх асуудлын талаар олон нийтэд хүрсэн. 2017 оны наймдугаар сарын 22-ны өдөр энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд албан бичгээр хүсэлтээ хүргүүлээд байгаа. Мөн есдүгээр сарын 01-ний өдөр Тусгай хяналтын дэд хороонд дээрх асуудлыг хэлэлцэн, үүссэн нөхцөл байдлыг тодорхойлж өгнө үү гэдэг хүсэлт гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар УИХ ямар ч шийдвэр гарсан Ерөнхий сайд, Шадар сайд нарын нэр холбогдоод буй асуудлыг эцэслэж, холбогдох Байнгын хороо болон дэд хороодоор хэлэлцүүлж өгнө үү гэдэг хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлж байна” гэв. Үүнтэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхий сайд, Шадар сайд нарын нэр холбогдоод буй асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэн, түүнд үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар шийдвэр гаргах шаардлага байгаа тул Тусгай хяналтын дэд хороо хуралдах хүртэл хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч буйг хэлэв. УИХ-ын дарга М.Энхболд УИХ дахь МАН-ын бүлэгт завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ

Тусгай хяналтын дэд хороо хуралдах шаардлагагүй гэж үзлээ

УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо үдээс өмнө холбогдох материалтай танилцжээ. Тус хороонд Сү.Батболд, Г.Занданшатар, Н.Энхболд, Д.Цогтбаатар, Я.Санжмятав нарын таван гишүүн багтдаг.

Тус хорооны зарим гишүүд ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалтай холбогдохгүй асуудлаар хуралдах шаардлагагүй гэж үзсэн байна. Харин Н.Энхболд гишүүний зүгээс эцсийн шийдвэр гараагүй гэдгийг тодотгов. Дэд хороо хуралдах шаардлагагүй гэж үзвэл УИХ-ын чуулган үндсэн хэлэлцэх асуудлаа шууд хэлэлцэх учиртай билээ. Одоогоор эрх баригч намын хоёр хуваагдаад буй гишүүд тус тусдаа уулзсан байдалтай байна.

Засгаа авч үлдэх эсэх нь МАН-ын дотоод асуудал гэв

Ээлжит бус чуулганаас МАН-ын бүлэг завсарлага авсантай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр ". Чуулганы хуралдаан цаашид хэрхэн үргэлжлэх нь ойлгомжгүй байдалд үүсч байна.УИХ дахь МАН-ын бүлгийн даргын хэлсэн мэдэгдэлдээ "Олонхийн бүлгийн нэг хэсэг нь АН-тай хамтарч Засгийн газрыг унагах гэж байна" гэсэн нь туйлын хариуцлагагүй мэдэгдэл гэж үзэж байгаа. Би өмнө нь энэ талаар байр сууриа илэрхийлсэн байгаа. 65-ын үнэмлэхүй олонхийн бүлэг Засгийн газраа хэрхэх нь тэдний асуудал учраас сөрөг хүчинд ямар ч хамаагүй. АН өөрийнхөө улстөрийн байр суурийг тодорхойлсон, энэ байр суурьтаа байгаа. Засгийн газраа авч үлдэх үү, эс авч үлдэх үү гэдэг нь МАН-ын дотоод зөрчилдөөн, дотоод асуудал нь гэдгийг би дахин хэлэхийг хүсч байна” гэсэн юм.