Тулай өвчин амьдралын буруу хэв маягаас шалтгаалан үүсдэг. Уг өвчнийг эрт цагт хаадын өвчин хэмээн нэрлэж ирсэн түүх бий. Учир нь хаан хүн хоолны аль амт чанартайг идчихээд дасгал хөдөлгөөн хийдэггүй нь уг өвчин үүсгэх шалтгаан болж иржээ. Сүүлийн жилүүдэд бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр тохиолдол нь эрс нэмэгдэж буй тулай өвчний талаар “Интермед” эмнэлгийн Хэрх, үе мөч судлалын эмч, дэд профессор Эдуардо Флоренсиятай ярилцлаа. Тэрбээр мэргэжлээрээ тасралтгүй 35 жил ажиллаж байна.


-Эхлээд та тулай өвчний өвчний талаар манай уншигчдад тайлбарлахгүй юу?

-Та бидний хоол хүнсээрээ авч буй уураг нь хүний биед бүрэн задарч, шээсний хүчил болон гадагшлах ёстой. Тэрхүү шээсний хүчил гэдэг нь  бүтцийн хувьд 2 талдаа хурц үзүүртэй талст хэлбэрийн бодис юм. Хэвийн үед пурин хэмээх бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүний задралаас биед үүсч, бөөрөөр дамжин гадагшилдаг. Гэтэл биед үүссэн шээсний хүчил биеэс бүрэн зайлуулагдаагүйгээс илүүдэл нь үе эсвэл аль нэг эрхтэнд хуралддаг. Голдуу хөлийн эрхий хурууны нэгдүгээр үед товруу хэлбэрээр гардаг. Энэ бол зөвхөн харагдаж байгаа эмгэг. Цаанаа бөөр, зүрх болон бусад эрхтэнд ч адилхан нөлөөлдөг уршигтай өвчин. Үүссэн товрууг микроскопоор харвал яг л зүү шиг үзүүртэй талстууд байдаг. Маш хүнд зовууртай.


-Манай монголчуудын махны хэт их хэрэглээ энэ өвчнийг үүсгэх шалтгаан болдог гэсэн үнэн үү?

-Монголчууд махны хэрэглээ өндөртэй ард түмэн. Цаг агаараас шалтгаалдаг болов уу. Хүний бие организмд орж байгаа уургийг задлах механизм гэж бий. 

Гэхдээ ямар ч эмч монголчуудад мах огт идэж болохгүй гэж зөвлөхгүй болов уу. Учир нь мах бол та бүхний үндсэн хоол. Хүйтэн цаг агаартай учраас мах идэж дасан зохицдог онцлог ч байгаа. Тийм учраас аль болох хоолны зөв дэглэмээ баримтлаад явахад болно.


-Тулай өвчнийг үүсгэж буй үндсэн шалтгааныг дурдвал?

-Шинжилгээгээр цусан дахь шээсний хүчил өндөр хүмүүс нэлээн ирдэг. Гэхдээ зөвхөн энэ нь дангаараа тулай өвчнийг үүсгэх шалтгаан болж чадахгүй. Зарим хүмүүс үений үрэвслийг тулай өвчинтэй андуурдаг. Тиймээс тулайг олон өвчнөөс ялгаж оношлох шаардлагатай. Тулай өвчнийг үүсгэх хоёр үндсэн шалтгаан байдаг. 


  1. Авч буй уургийн задралаас үүсэх бодисуудыг бүрэн гүйцэд ялгаруулж чадахгүй байх нь нэг шалтгаан. Жишээ нь бөөрний эмгэгтэй хүн их хэмжээний уургийг гадагшлуулж чаддаггүй.
  2. Хэрэв тухайн хүнд тулай өвчнөөр өвдөх генетикийн суурь, түүнийг үүсгэх хүчин зүйлтэй нэгдвэл эрсдэл нэмэгдэнэ.


-Удамшдаг гэсэн үг үү?

-Мэдээж генетикт нь тулай өвчний мэдээлэлтэй хүн их хэмжээгээр мах идэж, архи хэтрүүлэн хэрэглэдэг, тэгсэн хэрнээ эмчид ханддаггүй бол эрсдэл өндөр шүү дээ. Өөрийнх нь удамд тулайгаар өвдсөн тохиолдол байгаа бол зарим хүн урьдчилан сэргийлж шинжилгээ өгдөг. Шинжилгээгээр голдуу цусан дахь шээсний хүчил нь өндөр гардаг. Энэ тохиолдолд яаралтай арга хэмжээ авахгүй хойшлуулвал тулай өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгдэнэ. 

-Хүмүүс голдуу өвдсөн хойноо ханддаг талтай. Дэглэм баримтлахгүй бол өвчин дахин сэдрэх үү?  

- Орчин үед тулайг эцсийн шатанд хүрэхээс нь өмнө оношилчихдог болсон шүү дээ. Үүнээс өмнөх шат нь сэдрэлттэй үе. 

Энэ нь цусан дахь шээсний хүчлийн талстууд үений товгор хэсэгт хуримтлагддаг.  Тухайн үед сэдрэлтийг нь намдаах эмчилгээ хийж, хоолны дэглэм баримтлах юм бол тухайн хүн тулай өвчнөөр өвдөхгүй. 

Өөрөөр хэлбэл өвчнийхөө намжмал хэлбэрт шилжинэ гэсэн үг.  Гэхдээ амьдралын хэв маягаа зөв баримтлаагүй, хоолны дэглэмээ барьж чадаагүй, эмчийн зөвлөгөөг дагаж уургийн хэрэглээгээ хянаж чадаагүй бол дахиад сэдэрнэ. 


-Голдуу ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Тулай өвчний сэдрэлт ихэвчлэн эрхий хурууны нэгдүгээр үе дээр гарч ирдэг. Бараг 90 хувьд нь шүү. 

Бусад үе дээр гарах тохиолдол бий ч тун ховор. Шинж тэмдгийн хувьд хөлийн эрхийн хуруу гэнэт маш хүчтэй өвдөх, улайж хавдах эхний шинж тэмдгээр илэрдэг. Учир нь шээсний хүчил нь үений хөндийд ороод талст үүсгэчихдэг. Мөн дарж үзэхэд халуун төөнөдөг. Мөн хавдар дээр нь хөх толбо гарна. Өвдөлтийн үед хөдөлгөөн эрс хязгаарлагдана. 

Харин тулай өвчний сэдрэлт нь ихэвчлэн баяр ёслолын дараа их хэмжээний махан бүтээгдэхүүн идсэн, архи дарс хэрэглэсний дараа явагддаг. Иймээс зарим хүн цусан дахь шээсний хүчил нь өндөр гэдгээ мэдэхгүй явж байгаад баяр ёслолын дараа заавал эмнэлэгт ханддаг. Маш хүчтэй өвдөлттэй учраас хүн тэсэж чаддаггүй. Зарим тохиолдолд огцом бөөрний дутагдал болоод ирдэг. 


-Тулайтай хүнд ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Зовуур байхгүй болсон нь өвчин эдгэрсэн гэсэн үг огт биш юм. Хэрэв тулай өвчний сэдрэлт тухайн хүнд явагдсан бол эхний зургаан сард хоолны дэглэмээ маш сайн барих ёстой. 

Цусан дахь шээсний хүчил хэдий их байна тэр хэмжээгээр бөөр болон артер, венийн судсанд ачаалал өгдөг. Шинжилгээ өгөхөөсөө өмнө анхаарах зүйл гэж бий. Тухайлбал бага хэмжээний аспирин ууснаас цусан дахь шээсний хүчил өндөр гарах нь бий. Иймээс шинжилгээ өгөхөөсөө өмнө дор хаяж гурав хоног аспирин уухгүй байхыг зөвлөе.


-Эмчлүүлэхгүй удвал ямар хүндрэл өгдөг вэ?

-Тулай бол хүнд өвчин. Алсдаа бөөрөнд чулуу үүсэх, бөөрний түүдгэнцэр гэмтэх аюултай. Бөөрний чулуу цусан дахь шээсний хүчил ихэссэнээс үүсэж байгаа юм.

Цаашлаад бөөрний архаг дутагдалд хүргэх аюултай. 

Тиймээс биед тунаад байгаа шээсний хүчлийг үенд очиж тунах, бөөрөнд очиж чулуу үүсгэхээс өмнө урьдчилан сэргийлэхийн тулд эмчийн хяналтад орж, эмчилгээг хийлгэж эхлэх нь зүйтэй. Саяхан нэгэн өвчтөн яаралтайгаар ирж эмчлүүлсэн. Тэр өвчтөн эмчилгээгээ орхигдуулсан нь ингэж хүндрэх шалтгаан болсон юм. Тофус буюу товруу үүсчихвэл авахад тун бэрх. Учир нь тухайн өвчний архаг хэлбэрт шилжсэн хэрэг.  Ингэтэл нь хүндрүүлэхгүйн тулд эмчилгээгээ эрт эхэлж, эрт илрүүлэх үзлэгт хамрагдах ёстой.


-Тулай өвчнөөс сэргийлэх боломжтой юу?

-Урьдчилан сэргийлэх тун амархан. Шинжилгээгээр цусан дахь шээсний хүчил өндөр гарчихвал энэ үе шатанд нь хоолны дэглэмээ зөв баримталж, эмчилгээ бичиж өгөөд гурван сарын дараа шээсний шинжилгээ өгөхийг зөвлөдөг. Хэрэв энэ шатанд л анхаарч эмчилгээ хийж чадвал тулай өвчнөөс сэргийлж чадна. Харин эмчилгээгээ орхигдуулбал тулайгаар өвдөх өндөр магадлалтай. Зарим өвчний үед хавсарч илрэх тохиолдол байна. Тухайлбал артерийн даралт, чихрийн шижин, зүрхний эмгэгтэй хүмүүс онцгойлон анхаарч 4-6 сар тутамд цусан дахь шээсний хүчлээ хянуулж байх ёстой. Хүмүүс суурь өвчиндөө анхаараад шээсний хүчлээ анхаарахгүй явснаас өвчнөө хүндрүүлдэг. Анхааруулж хэлэхэд цусан дахь шээсний хүчил өндөр байна гэдэг нь шууд тулай өвчинтэй гэсэн үг биш. 


-Мэс ажилбараар үүссэн товрууг авч болох уу?

-Хэрэв тулай өвчин хүндрээд шээсний хүчлийн талст бүхий товруу томорч ойролцоох эрхтнээ дарж зовуур өгч байвал заалтаар авдаг. Тухайлбал нуруунд гарсан бол нугасны мэдрэлээ дардаг учраас зайлшгүй мэс засал хийнэ. Энэ бол тулай өвчний архаг хэлбэр юм.