Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. 

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээл 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, их, дээд сургууль, коллежийн хичээл 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эхлүүлнэ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгах болон бүх шатны боловсролын байгууллагын хичээл эхлэхтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг Засгийн газрын маргаашийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн "Шадар сайдын тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилийг эхлүүлэх эсэх асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж, ажилласан. Холбогдох бүх байгууллагын төлөөлөл тус ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд санал дүгнэлтээ өнөөдөр Улсын онцгой комисст танилцууллаа. 

2019-2020 оны хичээлийн жилийн хавар нийт 75 өдөр хичээлийг цахимаар явуулж, дуусгасан. Өнөөдрийн хуралд хичээлийн жилийг тодорхой үе шаттай эхлүүлэх саналуудыг танилцуулсан. Энэ асуудлыг Засгийн газрын маргаашийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр боллоо.

2020-2021 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 305.000 хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 682.000 сурагч, их, дээд сургуульд 150.000 оюутан суралцана.

Улсын онцгой комиссоос өнөөдөр өгсөн тодорхой чиглэлийн дагуу ажлын хэсэг дахин боловсруулалт хийж, Засгийн газрын маргаашийн хуралдаанаар эцсийн шийдвэр гаргуулна" хэмээлээ.