КЕНШАСА. /The Guardian/. “Эбола” вирусний халдвар ихээхэн тархаад буй Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад туршсан дөрвөн эмийн хоёр нь амжилттай болсонтой холбогдуулан уг вирус эмчлэгдэхгүй халдвар байхаа болилоо гэж эрдэмтэд мэдээлжээ.

Тэдгээр эм вирусний халдвар тээсэн хүмүүсийн нас барах магадлалыг ихээхэн бууруулж байжээ. Конго улсад өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн явуулсан эмийн туршилтыг зогсоож, эмчилгээний төвүүд одоо дээрх хоёр эмийг ашиглаж эхлэх аж. 

“Өнөөдрөөс эхлэн “Эбола”-г эмчлэгдэхгүй халдвар гэж үзэхгүй. Энэхүү нээлт олон мянган хүний амь насыг аварна” гэж Конго дахь Био-анагаах ухааны судалгааны институтийн профессор Жан-Жак Муембе хэлжээ. 

Конгод дэгдээд буй “Эбола” вирусний тархалт нь 2014-2016 онд Баруун Африкт дэгдэж байсан уг халдварын тархалтын араас бичигдэх хэмжээнд хүрчээ. Тухайн үед нийт 28616 хүн "Эбола" вирусний халдвар авж, 11310 нь нас барж байсан бол Конгод халдвар авсан 2800 орчим тохиолдол бүртгэгдсэнээс 1800 гаруй хүн нас барсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг