МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар "Стартап Монголиа" ТББ-ын хамтран зохион байгуулдаг "Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган" болж байна. Энэ жилийн чуулганд 50 орчим  энтрепренер оролцож байна. Тэдний нэг болох “Mаyara” брэндийг үүсгэн байгуулагч Э.Азжаргалтай ярилцлаа. Түүний хувьд найзуудтайгаа хамтран үндэсний соёл уламжлал шингэсэн бүтээгдэхүүнээ өлгийдөн аваад гурван сар болж байгаа ажээ.

-Бизнес хэзээ эхлүүлсэн бэ?

-Өнгөрсөн жил ч бас Америкт болсон олон улсын гарааны бизнес эрхлэгчид, энтрепренершипүүдийн уулзалтад эх орноо төлөөлж оролцсон. Явахдаа авсан Монгол агуулгатай зүйл сэтгэлд хүрээгүй. Тухайн үед арьсан цүнх худалдаж аваад дээлээ өмсөөд оролцсон. Эндээс л Монголд түүх соёл, өв уламжлал нь шингэчихсэн боломжийн үнэтэй бүтээгдэхүүн дутагдаж байгааг анзаарсан юм. Ингээд найзуудтайгаа хамтарч “Mayara” брэндийн хатан коллекцийг гаргаад хоёр сар болж байна.

-Энэ алчуурандаа юу бэлгэдэхийг хүссэн бэ?

-Хамгийн гол нь даяаршлийн эрин зуунд үндэстнийхээ дархлааг хэрэглээгээр нь авч үлдэе гэсэн зорьсон. Тийм ч учраас зураач, уран барималч, соёл судлаач, угсаатан зүйч хүмүүстэй хамтран ажиллаж байна.

-Анхны коллекцээ гаргачихлаа. Дараа нь ямар бүтээл гаргах вэ?

-Алчууранд маань хүмүүс ам сайтай байгаад баяртай байна. Бид цүнх, шагай шиг хэлбэртэй баллуур, хичээлийн цүнх гаргаад эхэлчихсэн. Одоо дахин бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Нээлт маань энэ сарын 27-нд болно. Бүтээгдэхүүнээ бид өрх толгойлсон ээжүүдээр хийлгэдэг.

-Үнэ ханшийн хувьд?

-Зах зээл дээрх хамгийн бага үнэ буюу 79 мянган төгрөг. Би хэрэглэгчдийн дуртай, зорин худалдан авдаг тийм бүтээгдэхүүн гаргахаар зорин ажиллаж байна.

-Эрсдэл үүрч үзэв үү?

-Анх хүүхдийн үүргэвч хийж зах зээлд гарган “шатаж” байсан түүхтэй. Үнэ нь 15 мянган төгрөг. Монголд контейнт сайн хөгжөөгүй учраас хүмүүс өнөө л пороро, гүнжтэй цүнхийг худалдаж авдаг юм билээ.  Бид хүмүүсийн хэрэглээг бий болгож, орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Тиймээс олон нийтэд зориулсан гэж хэлээд байгаа хэрэг л дээ. Бизнесийн хувьд орлого олох чухал уу эсвэл үйл ажиллагаагаа тогтвортой байлгах хэрэгтэй юү гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний хувьд тогтвортой үйл ажиллагаа явуулахаас гадна хэрэглэгчээ бий болгох нь чухал.