Монгол Улсын гавьяат жүжигчин, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин “2018 International Opera Awards”-ийн “Оны шилдэг залуу дуучин” төрөлд нэр дэвшжээ. Тэрбээр энэхүү нэр хүндтэй наадамд дуурийн урлагийн нөлөө бүхий урлаг судлаачдын хүсэлтээр шалгарч тус шагналд нэр дэвшүүлсэн байна. Тэмцээний ялагч ирэх 4 дүгээр сарын 9-нд тодрох юм.

Э.Амартүвшин өмнө нь дэлхийн зиндааны томоохон наадмаас хэд хэдэн томоохон шагнал хүртэж байсан удаатай.

Тухайлбал Дэлхийн шилдэг тенор, дуурийн дуучин Плачидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд нэгдүгээр байр, Сонгодог урлагийн “олимп” гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан билээ.