Допинг илэрсэн хоёр бөхийн асуудлаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, шийдвэр гаргажээ.

Энэ талаар тус хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Өнөөдрийн хуралдаанаар допингийн асуудлаарх Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцлээ. Тодруулбал, Шинжилгээгээр допинг илэрсэн бөхчүүд болох Улсын наадамд түрүүлсэн Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Д.Цэрэнтогтох нарын асуудлыг хэлэлцлээ. Э.Оюунболд аварга Б сорьцын шинжилгээ хүлээхгүй, Д.Цэрэнтогтох начин Б сорьцын шинжилгээний хариуг харъя гэсэн. Улмаар Б сорьцын шинжилгээний хариу ирсэн. А сорьцын шинжилгээний хариутай яг таарсан. Өмнө нь ч хоёр сорьцын хариу зөрж байсан тохиолдол байхгүй.

Улмаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо тус хоёр бөхийн энэ жилийн наадамд давсан бүх давааг хүчингүй болгож, барилдах эрхийг хоёр жилээр хасахаар шийдвэрлэлээ. Мөн таваас дээш даваанд дээрх хоёр бөхөд унасан бөхчүүдэд цол нэмэх, Улсын арслан Ц.Содномдоржид чимэг нэмэх шийдвэр гаргалаа. 

Гэхдээ энэ эцсийн шийдвэр биш. Хорооноос гаргасан тус шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина. Улмаар эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана" хэмээн мэдээллээ.