Хар зүрхний хөх нуур орохоор хэд хоногийн өмнө Хэнтий аймгийн Цэнхэрмандлыг зорив оо. Өмнө хоёр ч удаа энэ нуурын эрэг хөвөөнд нь очиж байв. Тэр жилүүдэд хачин сайхан зун болж байсан. Цэцэг дэвссэн... Өнөө жил мөн адил тийм л дэлгэр зун тохиож байна. Хангай дэлхий хураар дутсангүй. Ээлжийн амралтаа авсан хүмүүс нар шингэхээс өмнө зорьсон газраа замаас хазайлгүй шууд хүрээд ирлээ. Ардаа яарах, тэвдэх зовлон байсангүй. Тааваараа явцгаая гэж анх тохирцгоосон юм. Энэхүү өөрсдийн тогтоосон дэг дагуу л аялал үргэлжиллээ. 


Орон хотоос үд хүргэж гарсан ч тайван уужуу явсаар нуур хүрэв ээ. Гар утас одоо зураг авахаас өөр ид шидгүй боллоо. Mobicom, Unitel аль аль нь энд байхгүй. Холбоо харилцаа нэг бүр тасарч байгаа нь энэ. Facebook, Instagram ч баяртай болов. Жинхэнэ амралт л орчин цагт энэ болсон доо. 


Замдаа гуанзны хуушуур цохиж, хур бороотой ч хэд хэд таараад авлаа. Хөх ногооны үнэр хөндий талаас амтагдах шиг... Суналзсан уурга мэт урт зам өмнө зурайна. Зүүн тийшээх замууд арай л дөмөгхөн. Эвдэрч, эмтэрсэн нь харьцангуй бага. Замын хоёр талаар адуу мал багширч, сувдан цагаан хонин сүрэг асгасан шагай адил налайна. "Баян Монголын хонь ямаан сүргээ хө..." гээд энэ дуу гэнэт орж ирэх. 10 жилд байхад л дуу хөгжмийн багш зааж байсан даа. Холгүй өндөр дэнж дээр өргөө цагаан гэрүүд саахалтын зайтай эгнэн ярайна. Морь тарлах хүмүүс ийшээ айсуй. Урд уулаар солонго дүүрнэ. 


Хэрлэн голоо гаталлаа. Үертэй байна лээ. Энэ голын уужуу тавиу хөндий дагаад майхан сав, унаа тэрэг олширчээ. Маний өрөөсөн амрагчид л байх. Ихэнх нь эндээ хоноглосон шинжтэй. "Саа мөнгөн Хэрлэн" шүү дээ гэж бид хоорондоо ярьж явлаа. Манай аяллын зүүн зүг явах маршрутын эцсийн цэг Хар зүрхний хөх нуураас халиад Балдан Бэрээвэн хийд орох зорилготой. 


Хуучнаар Өндөрхаан, одоогийнхоор Чингис хот хүртэлх засмал замаар 185 яваад, зүүн тийш салав. Эндээс нуур хүртэл 30 гаруй км шороогоор давхиуллаа. Торох юмгүй цагаан зам л даа. Борооны дараа яваа болохоор сугарч үлдэх тоос ч алга. Машинд бол гудас шиг зам. Тийм болохоор үүгээр ямар ч унаа тэрэг саадгүй бөмбөрөх юм билээ. 


Он гарснаас хойш хагас жил шахам хөл хорио, цар тахлын айдас түгшүүр дунд хамаг л цаг хугацааг өнгөрүүлсэн хүмүүсийн нар нь гарна гэгч болж байна. Аргагүй биз дээ. Уул усаа харсан улс нэг л тайвшраад, сэргээд ирдэг. Ахуйн түмэн бодол алсарч, тархи толгой хүртэл хөнгөрөөд явчихна. Ийм болохоор л хөдөө явах гэж хөгшин залуугүй дурладаг байх. Явж байж л санаа нь амрах. 

Зуны хэдэн сар суурин амьдрал нэг л таатай санагдахгүй. Тухгүй оргино. Орох, гарах"дон" цаанаасаа хөдөлж, орчлон давчдах шиг болдог. Замын түгжрэл хүртэл залхуутай. Зовлонтой. Их хотын дуу шуу, энэ их нүргээнээс холдохын түүс болно. Тэдний нэг нь бид болов уу. Орон нутгийн замаар машин тасрахгүй хөвөрнө. Нутаг ус, аав ээж, ах дүү нараа зорьж яваа байх. Аяллын замд гарсан нь ч бий байх аа...


Дөлгөөхөн бидэртэх нуурын мандал дээгүүр жаргах нарны униар татна. Орой нар ийм л үзэсгэлэнтэй байдаг хойно харж суухаас илүү жаргал гэж үгүй. Ялаа шумуул хэдгэнэ нь аргагүй багасжээ. Нарны халуунд утаа май тавиад ч дийлдэхгүй их байсан гэж тэнд аялж яваа бололтой ах гал асуух зуураа хэллээ. Өвс ногоо ийм их, намаг балчиг нуураа дагаад арвин болохоор өдийд ид бужигнадаг цаг нь. Тамтаггүй л дээ. Наашаа зүглэх бол нарны тос, малгай, ялаа, шумуулаас хамгаалах бүхнээ л авдаг юм шүү. 


Хоёр жилийн өмнө яг л наадмын өмнөхөн ирээд нуурын хөвөө эргээс зайдуухан ингэж сууж байсан минь бодогдох нь сонин. Тэр л аяллын багаараа бараг энэ удаа ирсэн байх юм. Үлгэрийн орой гэлтэй нуур амгалан, ирсэн хүмүүсийн сэтгэл нуураа дагах шиг амар тайван, ханагар үдэш болж байна. 


Хотоос хөдлөхөд төв талбайн өмнөх алдарт усан оргилуур, залгаад наадам хийхэд зарцуулах их мөнгө, түүний зарцуулалт зөв, буруу гээд цахим орчин даяар хүмүүс өөр хоорондоо маргаж байсан. Тэд талцаж, биесээ хэмлэж, зарим нь тохуурхаж, хэдхэн нь завшиж, нийгмийн дуулиан шуугиан өдөр болгон тасрахгүй өрнөнө. Тэр нь хамгийн ихээр нийтийн сэтгэл зүйг "янаглана". Энэ болгоноос хол хөндий, орой нарны дор нуураа бараадаж сууна. Өмнө нуурын их ус... Эрх чөлөө л энд бүтэн байгааг мэдэрч авна. Дотоод ертөнцөө ч ажиж, анзаарч, ажиглах гэж оролдлоо. Хүн өөрийгөө нийгмийн давиулан шуурган дунд ажиглах, анзаарах сөхөөгүй болтлоо будилж төөрөлдөж, харин бусдын өөг андахгүй харж, түүнийг нь дэвэргэх болсон нь гэм биш зан болжээ. Бусдын алдаанд баярлах нь холгүй хүний мөс чанар улам гээгдсээр. Хүмүүс бид хэлбэр, үзэмж, хийрхэлд автсаар. 


Хар зүрхний хөх нуурын эрэг хөвөө рүү нь шууд ойртох амаргүй. Нуурын эргэн тойрон битүү намаг балчиг. Тийм болохоор хүссэн талаасаа алхаад очих ер боломжгүй. Энд усанд орох, сэлэх, загах барих, нуурын эрэг захаар нь алхах талаар санах ч хэрэггүй. Зөвхөн хажуу бөөрнөөс нь сайтар харж авах л боломжтойг хэлэх байна. Нуурын баруун эрэг л ус руу ойртоход хамгийн дөхөм хэсэг нь. Тэнд Чингис хаанд зориулсан хөшөө дурсгал бий. Ирсэн бол үзэх л учиртай. Хөшөө нь Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулж босгосон. Түүнийг тойруулан хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэр байрлуулсан. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өүлэн, төрийн их хатан Бөртэ Үжиний сийлбэр байдаг. Хүмүүс энэ хэсэг нуураас илүү зураг хөрөг болно. 

Зүрх хайрхан, Хөх нуурын савдаг нь догшин, дагшин. Хөх нуур ариун ус. Тиймээс газар ус хөндөхгүй, ургамал ногоо таслахгүй, мод бут тайрахгүй, хугалахгүй, машид хүндэтгэлтэй хандахыг нутгийнхан захих юм билээ. Хэнэггүй байснаасаа болж эндэж, эрсдсэн гашуун түүх ч нэг бус. Дотоодын аялагчид үүнийг үл тоож, өөрийн биш өрөөлийн юм шиг загнах нь цөөнгүй. Газар усны хорлол гэдэг үе удмаар зогсохгүй их үйлийн үр авчирдаг. Үүнийг санахад илүүдэхгүй болов уу...


Сар дээр манджээ. Энэ сарны дор дүнгэр дүнгэр ярилцах хүмүүс... 15-ны сар мөн үү гэж нэг нь хэлэх. Шинэ цай уух уу гэж нэмж тэндээс асуух... Өнөө хорхог чинь бараг л болсондоо гэж хажуунаас сануулах... Түүдэг гал цогших агаад тэр илч нь өөдөөс улаа бутартал төөнөн байна. Зүрх хайрхан, Хөх нуураа зорьж ирсэн бид шүтээн газраасаа захалж холдоод том цагаан сарны дор гэгээтэй бүхнийг дуулан сууна.Орон нутгийн байгаль хамгаалагч энэ газрыг зааж өгсөн юм. Шаардлага өндөр, өндөр. "Бөхийн найраа" энд байхгүй. Майхан болгон хоногийн хураамжтай. Ажлаа сэтгэлээсээ хийдэг нь андашгүй. Татсан тамхины иш хүртэл үлдээхгүй гэж манайхан хичээж л явлаа. 


Хар зүрхний Хөх нуурт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цолд өргөмжилж байжээ. "Монголын нууц товчоо"-ноос цааш үүнийг илүү дэлгэрүүлж харна биз ээ. Нуур өөд алсаас өгсөж, өгсөж унаа тэрэг хүрнэ. Алсаас зүтгүүр... Тийм өндөрт л энэ нуур оршдог гэсэн үг. Хамаг Монголын түүх өгүүлэх, өдий хүртэл унаган төрхөө хадгалж буй нь Хөх нуур.


Хоноглох аялагчдад зориулсан майхан барих тусгай хэсгүүдтэй. Тэр нь нуураас хөөрхөн зайтай. Харин нуурын зүүн урд хэсгээр хэд хэдэн жуулчны бааз ажиллаж эхэлсэн байна. Наадмын өмнө, хүмүүсийн амралт эхэлсэн болохоор хүний хөдөлгөөн их байна лээ. Хоёр жилийн өмнө ирж байхад жуулчин хүлээж авдаг нь цөөн байсан. Харин 24 сарын дотор их юмс өөрчлөгджээ. Дүүрэн цагаан сарны доорх дүнсгэр Хөх нуур халдаж боломгүй, ойртож боломгүй атлаа очиход хол, хүрэхэд хэцүү санагдана. 

Б.Баяртогтох