Хүмүүсийн 85 хувь нь дуулж чаддаггүй. Инээдтэй ч гэсэн тэднийг эцэг эх, багш, найз нөхөд нь олны өмнө дуулахгүй байхыг зөвлөдөг. Хэрвээ та тэдний нэг бол усанд орох, жолоо барьж явахдаа дуулахаа зогсоох хэрэггүй шүү. Учир нь хүн дуулахдаа илүү аз жаргалыг мэдэрч, стрессээс ангижирдаг тухай шинжлэх ухааны баримт хүртэл байдаг аж.

Bright side агентлаг дуулах сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж, сайхан мэдрэмж төрүүлдэг тухай онцолсныг та бүхэнд хүргэж байна.

1.Таны дархлааг бэхжүүлдэг

Судалгаанаас үзэхэд дуулах нь иммуноглобулин А-г нэмэгдүүлдэг. Ингэснээр таны дархлааг сайжруулах шидтэй. Мөн дуулах нь амьсгалын дээд замын агаарын урсгалыг сайжруулдаг тул бактери үржих боломжийг бууруулдаг байна. Нөлөөгөөр нь хүйтний улиралд ханиад хүрэх нь багасдаг.

2. Хөнгөн дасгалыг орлох шидтэй

Хэрэв та фитнесс зааланд очихоос төвөгшөөдөг бол оронд нь дуулаарай. Энэ нь танд хүссэн  галбирыг тань өгөхгүй ч цусны эргэлтийг сайжруулж, хэвлийн булчинг чангалахад тусалдаг. Түүнээс гадна уушги, зүрхний ажиллагааг сайжруулна.

3. Нийгэмшихэд тань тусална

Та найрал дуу дуулдаг, эсвэл найзуудтайгаа караоке дуу дуулж шөнийг зугаатай өнгөрөөж байгаа  эсэхээс үл хамааран хүмүүстэй хамт дуулах нь таны нийгмийн амьдралыг сайжруулдаг. Дуу дуулахыг , нийгмийн үйл ажиллагаатай хослуулсанаар сайхан мэдрэмжийг авахаас гадна өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

4. Илүү сайн унтаж амрахад туслана

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд дуулах нь хурхирах давтамжийг бууруулж, нойрыг сайжруулж чадна гэж үздэг. Учир нь дуулах процесс нь хамрын хөндийг цэвэрлэхээс гадна амны хөндийн булчинг сайжруулдаг ба эдгээр нь хурхиралтын гол шалтгаанууд болдог гэж тайлбарлажээ.

5. Дундаж наслалтыг нэмэгдүүлнэ

Харвард болон Йелийн их сургуулиудын хийсэн судалгаагаар найрал дуу дуулах нь Коннектикут мужийн Нью Хейвен хотод амьдардаг хүмүүсийн дундаж насыг нэмэгдүүлсэн тухай мэдэгджээ. Судлаачдын үзэж байгаагаар дуулах нь зүрхний эрүүл мэнд болон сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлдэг.  Тэрхүү нөлөө хүнийг ерөнхийд нь аз жаргалтай болгодог гэж үзжээ. 

6. Сэтгэл гутралыг даван туулахад тусалдаг

Дуулах нь сэтгэл гутралын эсрэг байгалийн эм юм.  Үүний цаад шалтгаан нь дуулахад хүнээс эндорфин хэмээх гармон ялгардаг ба энэ нь таатай мэдрэмж төрүүлэхээс гадна өвдөлтийг намжаадагтай холбоотой. Эерэг мэдрэмжийг дээшлүүлэх  энэхүү тархины химийн бодис нь таныг сэтгэлийн тэнхээтэй болоход туслаж улмаар аз жаргалтай болгодог.

7.Стрессийн түвшинг бууруулна

Дуулах үед ялгардаг өөр нэг даавар бол окситоцин юм. Энэхүү химийн бодис нь стресс, сэтгэлийн түгшүүрийг бууруулж, итгэлцэл, харилцааг сайжруулж биднийг хүрээлэн буй ертөнцтэй холбогдоход тусалдаг.

8.Залуу, эрч хүчтэй харагдуулдаг

Дуулахад гэдэсний бүлгийн бүх булчин мөн нүүрний булчингууд ажилладаг. Тиймээс дуртай дуугаараа дуулж байхдаа нүүрний булчингуудаа дасгалжуулж байдаг. Эдгээр булчинг ажилллуулах нь таныг илүү залуу, эрч хүчтэй харагдуулж чадна.


Эх сурвалж: Bright side