Дуучин Кети Перри өнөөдөр төрж, охинтой болсон тухай түүний нөхөр жүжигчин Орландо  Блүүм өөрийн Instagram хуудсандаа мэдэгджээ. Тэд охиндоо Дэйзи Даав Блүүм гэж нэр өгсөн байна.

UNICEF-ийн сайн санааны элч 43 настай Английн жүжигчин Орландо, 35 настай дуучин Кети нар анхны хүүхдийнхээ гарыг харуулсан хар цагаан зургийг нийтэлж "коронавирусын цар тахлаас болж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эм, вакцин, гар угаах ус, саван олдохгүйгээс болж шинэ мэндэлсэн олон хүүхдийн амь нас эрсдлийн ирмэг дээр байна" гэж бичжээ.

"Бидний охин эрүүл, аюулгүй мэндэлсэнд бид хязгааргүй баяртай байна. Бид өөрсдийгөө азтай гэж бодож байна. Дэлхий даяар эмч, сувилагч нарын хүрэлцээгүйгээс болж 11 хором тутам нэг жирэмсэн эх эсвэл шинэ мэндэлсэн хүүхэд энддэг. Ихэнхдээ урьдчилан сэргийлж болох зүйлээс болж энддэг нь харамсалтай. Энэ асуудал бидний зүрх сэтгэлийг өвтгөж байна. Үүнтэй тэмцэж байгаа аав, ээжүүдийг бид урьд урьдаас илүү их ойлгосон" гэжээ.

Орландо, Кети хоёр өнгөрсөн Валентины өдөр гэрлэсэн юм.