ДАКАР. /CNN/. Сенегал-Америк гаралтай дуучин, рэпер, бизнес эрхлэгч Эйкон өөрийн хотыг Сенегал улсад байгуулахаар болжээ.

“Эйкон хот”-ыг байгуулах хэлэлцээр сүүлийн үе шатандаа орлоо. Ирээдүйд та бүхнийг хүлээн авахыг тэсэн ядан хүлээж байна гэж Эйкон “Twitter” хуудсандаа нийтэлжээ. 


Эйкон шинэ хотынхоо талаар 2018 онд анх олон нийтэд танилцуулсан бөгөөд уг хотыг Сенегалын Ерөнхийлөгч Маки Саллын түүнд бэлэглэсэн 8.09 хавтгай дөрвөлжин километр талбайд байгуулах аж. Мөн шинэ хотод “AKoin” нэртэй дижитал валютаар гүйлгээ хийнэ гэж Эйкон хэлсэн байна.

“Сенегал улсад төрсөн Эйкон 7 настайдаа АНУ руу нүүсэн” гэж түүний цахим хуудсанд мэдээлжээ. “Grammy” наадмын олон шагналд нэр дэвшиж байсан тэрбээр сүүлийн жилүүдэд уран бүтээлчээс илүү бизнес эрхлэгчийн хувиар олонд танигдах болжээ. 

Эйкон сүүлийн үед Африкийн орнуудыг Нарны эрчим хүчээр хангах төслийг хэрэгжүүлж байгаа аж. “Би Африкт томоохон өөрчлөлтүүдийг хийхийг хүсэж байна” гэж Эйкон 2013 онд “CNN” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэрээ хэлсэн байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг