Иргэн, ААН-д олгож буй "Ажлын байрыг дэмжих" 3 хувийн хүүтэй зээлийн хэрэгжилт, явцтай танилцах зорилгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар өнөөдөр ХААН банк, Монголбанкинд ажиллаж байна.

Энэ үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эдийн засгийг сэргээхийн тулд хийх гол зүйл нь нийт иргэнээ вакцинжуулах юм. Манай улс вакцинжуулалтаар Ази, Номхон далайн бүсэд 2 дугаарт, дэлхийд 16 дугаарт явж байна. Иргэдээ энэ оны 7 дугаар сарын 01-н гэхэд вакцинд хамруулж дуусгахаар төлөвлөсөн. Гэхдээ 4, 5 дугаар сард энэ ажлыг эрчимжүүлж, 5 дугаар сарын 09-н гэхэд буюу төлөвлөснөөс хоёр сарын өмнө иргэдээ вакцинжуулаад дуусах эерэг дүн гарч магадгүй байна. Вакцин авах хэлэлцээрүүд амжилттай явагдаж байгаа" хэмээлээ.

Мөн тэрээр "Цар тахал нэмэгдэж байна. Өнөөдөр манай улсад нэлээд олон буюу 437 хүнээс коронавирус илэрлээ. Хэрвээ хатуу хөл хорио тогтоовол 10-14 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж бид амласан. Улмаар 4 дүгээр сарын нэгдүгээр долоо хоног буюу 4 дүгээр сарын 05-нд байж магадгүй гэж тооцож ажиллаж байна. Өнөөдөр УОК, Засгийн газрын гишүүд, Улаанбаатар хотын удирдлагууд хамтарсан хурал хийж, нөхцөл байдлыг дахин үнэлнэ. Тэгээд аль болохоор хөл хорио тогтоохгүйн төлөө Засгийн газар эцсийн мөчөө хүртэл ажиллаж байгаа. 

Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн хүмүүстэй зөвлөөд геометр прогрессоор халдвар өсөж, нэлээд эрсдэлтэй түвшинд хүрч байна гэж үзвэл хатуу хөл хорио тогтоохоос өөр гарцгүй. Засгийн газрын зүгээс 4 дүгээр сарын 05-19-ний хооронд хатуу хөл хорио тогтоож магадгүй гэж урьдчилан зарласан. Эрсдэл өндөр болсон.

Иймд ААН-үүд хатуу хөл хорионы 14 хоногийг яаж хохирол багатай даван туулах вэ гэдгийг тооцож, шийдэл гаргах нь зүйтэй. Хатуу хөл хорио тогтоогоогүй ч хатуу хөл хориотой юм шиг халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх шаардлагатай. Хөл хориог сулруулчихаар л бүх зүйл дууссан мэт дэглэмээ мөрдөхөө сулруулаад байж болохгүй" гэв.