Улс төрчид өөрсдийн бизнес, ашиг сонирхолдоо тааруулсан хууль баталдаг ч олон түмэнд халгаатай шийдвэрээр гэнэтийн бэлэг барьдаг болоод уджээ. 

Энэ бүхний ард нь эдийн засаг сайжирсан гэсэн гоё шошго үргэлж зүүгээстэй. Гэтэл бодит байдал дээр эдийн засаг өссөн ч ядуурал буураагүй, аж ахуйн нэгжүүдийн байдал сайнгүй нь нүднээ илт. Эдийн засгийн өсөлт гээд байгаа нь хүртээлтэй эсэх нь эргэлзээтэй.

Эдийн засгийн өсөлтийг өнөө л тулга тойрон яригддаг уул уурхай, хөдөө аж ахуй, үйлчилгээ гэсэн хэдхэн салбар тодорхойлсоор байна. Тэднээс орж ирж буй орлого нь Монгол Улсад шингэдэггүй, өсөлтийн ихэнх нь гадагш урсдаг, мөн баялгийн хуваарилалтын тэгш бус байдал нэмэгдсэнээс шалтгаалж эдийн засгийн өсөлт нь ядуурлыг бууруулахад нөлөөлдөггүйг эдийн засагчид ч дурьддаг. Дайран дээр давс гэгчээр жил орчим үргэлжилж савласан валютын ханшийн өсөлт иргэдийн угийн нимгэн халаасыг нь  улам ч ихээр тэмтрээстэй.

Энэ үед НД-ын шимтгэл нэмчихэж байгаа нь ААН-үүдэд дарамт учруулж, иргэдийн халаасыг шууд тэмтэрсэн бодлого гэдэг нь шууд мэдрэгдэж эхлэв. Цомхон үйл ажиллагаа явуулдаг жинхэнэ ЖДҮ-чин буюу үйлдвэрлэгч найз маань гэхэд НДШ ддддддднэмэгдлийн сургаар ажилчидтайгаа гэрээ хийж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэхүйц мөнгийг дансаар, үлдсэн мөнгийг нь гарт нь НДШ-гүйгээр олгохоор болсон гэдгээ уулзахдаа учирласан.

Томоохон ААН-үүдээс ч бас нягтлангаа үүрэгдэн, ажилчидтайгаа сэм тохиролцон шимтгэлээсээ зугатааж байгаа сураг дуулдана лээ. Дундаж давхаргын иргэдийн цалингаас хумсалдаг энэхүү нь иргэдээ тэр дундаа дундаж давхаргынханаа доош чангааж буй. Үүнийгээ улс төрчид ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан учраас гэж зөвтгөдөг. Яг нарийн дээрээ, бичиг цаасыг нь үзвэл ОУВС-ийн 100 гаруй хуудас бичиг баримт дээр хатуу заасан тоо нэг ч байдаггүй. Үндсэндээ төсвийн орлого нэмэгдсэн ч хөөсөрсөн төсвийн зардлаа багасгаж танаад явах боломж бүрэн бий. Үүнийг санал болгоод, хоёр талаасаа тохиролцоход ОУВС татгалзахгүй нь лавтай. Манайхны хувьд үүнийг ярилцаж тохиролцон иргэддээ ээлтэй шийдвэр гаргах тал дээр сэтгэл дутмаг. Халаас тэмтэрсэн халгаатай шийдвэр болгоныг богдын зарлиг мэт хоёр гардан үг дуугүй, хүлээн авчихаад түүнийгээ ОУВС-тай холбон тайлбарласаар иргэд нь валютын ханшийн дарамтад дарлуулсаар, үүрэх ачаа нэмэгдсээр байна. 

Бүр ядахдаа л манай улсын ААН-ийн 78 хувийг, нийт ажиллах хүчний 57 хувийг, ДНБ-ний 17.8 хувийг бүрдүүлж байгаа ЖДҮ-лэгчдээ болтугай НДШ-ээр дарамтлахгүй байх ч боломж бий. 

Ганцхан нийгмийн даатгалын шимтгэл нэмчихлээ ААН-үүд дарамтад ороод байгаа ч юм биш. Угаасаа дэлхийд хамгийн өндөр хүүтэй банкны зээлд хангалттай нухлуулж буйг ЖДҮХС-ийн зээл хөгжүүлэх зээлийг булаацалдаг эрх  мэдэлтэнгүүд мэддэг болов уу. Гадныхан манай банкны бизнесийн зээлийн хүүг сонсоод гайхдаг, зарим нь итгэдэггүй юм билээ. Танил маань хөрөнгө оруулагч хайж яваад америк хүнтэй уулзахад зээлийн хүүг сонсоод золтой л ухаан алдчихаагүй. Орчуулагчаасаа дахин нягталж “Энэ хүн зээлийн зээлийн хүүгээ андуурч хэлээгүй биз” гэж лавлан асууж байсан гэдэг. 

Банкны хүүг өнөө маргаашдаа буулгачихдаггүй юм аа гэхэд ядаж нэмэлт татварыг иргэдийн нуруундаа үүрүүлдэггүй төртэй байхсан. Алийн болгон иргэддээ дарамт үүрүүлэх замаар төсвийн бодлогын алдааг засна гэж. Хэрэв эдийн засагтаа дорвитой бодлого хэрэгжүүлж, ядуурлыг бууруулахгүй бол 2021 оноос Монгол улс болон дэлхийн эдийн засаг уруудах төлөв гараад буйг эдийн засагчид сануулсаар байгаа.

Энэ талаар СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан тодруулахад хор уршигийг нь ийнхүү тайлбарлалаа.

  1. “НДШ нэмсэн нь байгууллага, ААН-үүдийн цалин хөлсөө нэмэх сэдлийг бууруулна. Тодорхой мөнгөн дүнг НДШ-д хамруулж үлдсэнийг нь гар дээр нь олгох байдлыг нэмэгдүүлэх магадлалтай.

  2. Ажилтанд өгдөг шууд цалин орлогуудаас бусад хэлбэрээр шагнаж урамшуулах хандлагыг багасгана.

  3. Нийт өрхийн 60 орчим хувь нь 900 мянган төгрөгөөс доош орлоготой энэ үед валютын ханшын өсөлт хангалттай нэрмээс болсон. Ийм үед нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх буруу шийдвэр. Учир нь төр бодлогынхоо алдааг татвар нэмэх замаар засч, ачааг нь ард түмэндээ үүрүүлж болохгүй.

  4. НДШ нэмж байгаа энэ арга барил нь түр зуурын аргацаасан төдий л алхам. Энэ байдлаар 2025 онд тэтгэврийн тогтолцоо гажуудна. Шинэчлэл хийхгүйгээр Монгол улсын тэтгэврийн тогтолцоо 5-10 жилээс илүү насгүй

  5. Төсвийн орлого давж биелээд байгаа юм бол НДС-г төсвийн орлогоор түр санхүүжүүлэх хувилбар бий” гэв