Сирийн Дума хотод болсон химийн зэвсэг хэрэглэсэн халдлагын улмаас хордсон хүүг аварч байгааг харуулсан дүрс бичлэг нь зохиомол жүжиг байсан хэмээн Сири хүү Хасан Диаб мэдэгджээ. Зураг авалтыг “Цагаан дуулгатнууд” авчээ. Энэ тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв.
 
Тус агентлагийн мэдээлснээр, дайнчид өдөөн хатгалга бүхий зураг авалт хийх зорилгоор Сири дэх өлсгөлөн хүүхдүүдийг идэх юмаар мэхлэн дүрс бичлэг хийж олон нийтэд тараасан байна.

Өдгөө 11 настай хүү Хасан Диаб ярихдаа “Бид байшингийн хонгил дотор байсан. Ээж надад “өнөөдөр идэх юм юу ч байхгүй. Маргааш юм идье” гэж хэлсэн. Гэнэт гудамжинд “Эмнэлэг рүү явцгаа!” гэж хашгирахыг бид сонссон. Бид ч эмнэлэг рүү гүйсэн. Намайг эмнэлэг рүү ороод ирэнгүүт л ус цацаж эхэлсэн. Дараа нь орон дээр хэвтүүлсэн” гэжээ.

“Хүү идэх юмгүй байсан. Зураг авалтад орсных нь төлөө түүнд будаа, жигнэмэг өгчээ” гэж “Россия” телевизийн сурвалжлагч Евгений Поддубный хэлсэн байна.
 
Харин энэ талаар Х.Диабын эцэг хэлэхдээ “Хүүхдээ эмнэлэгт байгааг сонсоод би ажлаасаа чөлөө аваад эмнэлэг рүү явсан. Гадаа тамхи татаж байхад юу ч мэдрэгдээгүй. Дараа нь эмнэлэг рүү ороод гэрийнхэнтэйгээ уулзсан. Дайнчид зураг авалтад оролцсоных нь төлөө хүмүүст будаа, жигнэмэг өгөөд, гэр рүү нь явуулж байсан. Хүү маань эрүүл саруул байсан” гэжээ.
 
Химийн халдлага гэгчийн зохиогчид нь лалын “Жейш аль-Ислам” бүлэглэл болон түүний холбоотнууд гэдэгт итгэлтэй буйгаа Сирийн хүний эрхийн асуудал хариуцсан газрын дарга Ахмад Казем мэдэгджээ.

“Өрнөдийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бодит байдлыг гажуудуулж, хүчирхийлэл, терроризмд турхиран өдөөн хатгаж, хүний эрхийг зөрчдөг. Туркийн талаас Атма хот дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор дамжуулан химийн бодисыг оруулж ирсэн бөгөөд дайнчдын зэвсэгт бүлэглэлүүд, тухайлбал Саудын Арабын дэмжлэгтэй "Жейш аль-Ислам" бүлэглэл Сирийн эрх баригчдыг буруутгахын тулд химийн зэвсэг ашиглан өдөөн хатгалга үйлдэж магадгүй хэмээн хууль сахиулах байгууллага химийн хуурамч дайралт болохоос өмнө сэрэмжлүүлсэн юм” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Дума хотод болсон химийн халдлага нь цэвэр өдөөн хатгалга байсан гэж Ойрхи Дорнодын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Евгений Сатановский мөн үзэж байгаа аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг