"Түүхээ худалдсан түүхчид" нэвтрүүлгээр 2012 онд гэрээ нэрийн дор Монголын тухайн үеийн албан тушаал хашиж байсан түүхчид 640 мянган нүүр архивийн баримтыг Хятад улсад өгсөн талаарх баримтыг дэлгэсэн билээ. Эдгээр түүхчид бол Соёлын сайд С.Чулуун, Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар нар юм.


Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар уг асуудал дээр ийнхүү байр сууриа илэрхийлжээ.

Хэд хоног алуулж, цаазлуулах, шоронд хатааж шонд өлгө гэсэн хараал зүхэл сонсож өнжлөө. Гэхдээ намайг ойлгож, надад итгэж байгаа олон хүний урмын үгээр тэжээгдэж ч байлаа. Та бүхэндээ талархаж байна аа. Магтаал, зэмлэл нь ээлжилж байдаг хүний хорвоо хойно. 

Бид архивын баримт зараагүй гэдгээ хариуцлагатайгаар дахин хэлье.

Хоёр талын хамтарсан баримтын эмхэтгэл л хийсэн. Үр дүн нь олон боть ном болоод гарсан. Шүүлтүүргүй баримт өгөөгүй, манай манжич Дэлгэрмаа, Дашням нар ямар баримт оруулахаа шийдэж байсан, үүнийг энэ төсөл дээр ажиллаж байсан бүх хүн мэднэ. 

Тэр баримт дотор манай улсын аюулгүй байдалд заналхийлэх 1 хуудас ч баримт байхгүй. Хүрээ сайдын газар гэдэг чинь улс төрийн асуудал шийддэг газар бишээ. Юмыг нэг өнцөг бариад мушгихад ямар үр дүн гарах вэ гэдгийг энэ явдал та бүхэнд харуулж байна бус уу. 

Намайг яагаад тайлбар өгөхгүй тэр сурвалжлагчтай утсаар ярьсан юм бэ гэж их загнасан байна лээ. Намайг гаднаас ирээд хөл хорионд байхад ярихад нь учраа хэлээд тайлбарлаад хэлсэн үгнээс өөрт хэрэгтэйгээ бичиж аваад л таслаад тавьсан байна лээ. Хөл хориноос гараад хөдөө явж байхад бас нэг ярьсан, очиж байгаад ах нь уулзаж ярилцана л гэсэн. Ийм нэвтрүүлэг бэлдэж байгааг нь мэдээгүй л дээ. 

640 мянган хуудас гэдэг бол энэ асуудлыг анх үүсгэж тавьсан Дашдаваа гэх хүний санаанаасаа таамаглан тавьсан тоо. Тэр дагуу нь АТГ тухайн үедээ шалгаад үнэн худлыг нь тогтоосон юм. Их удаан жил гаруй шалгасан юм, ямар нэгэн мөнгө төгрөгөөр баримтаа худалдаагүй, нийт 140 мянган хуудас сканердсан, энэ нь 2 талын эрдэм шинжилгээний ажил байна аа гэсэн шийдвэр гаргасан.

Баримт худалдана гэх ойлголт бол ямар нэгэн гэрээ хэлцэлгүй, хүний нүднээс далдуур мөнгө төгрөг авалцаж өгөлцсөн тохиолдолд л яригдах байх. Харин ч ийм үед 1 хуудас баримт байсан ч гэмт хэрэг. Гаднын архив ч гэсэн нууцаар баримт авах хуулах гэсэн тохиолдолд тухайн судлаачид хариуцлага ногдуулдаг, манайх ч тэгдэг.