УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн лхагва гарагт Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын хэмжээнд 2016 онд 5.8 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч, 8.7 сая.Гкал дулааны эрчим хүч тус тус үйлдвэрлэж, 1.4 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч импортоор авч, 33.9 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч экспортолжээ. 

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2017 оны эхний хагас жилийн дүнгээр 3.0 тэрбум кВт.ц болж, 4.4 хувиар, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 4.8сая Гкал-д хүрч, 2.2 хувиар, импортын цахилгаан эрчим хүч 3.8 хувиар тус тус нэмэгдсэн байна. 

Төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 975 МВт хүрсэн нь өнгөрсөн 2016 оны үзүүлэлтээс 20 МВт-аар өсчээ. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 649.3 мянган хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж ажилласан нь оны эхэнд байсантай харьцуулахад 56.9 мянган цахилгаан эрчим хүчний хэрэглэгч нэмэгдсэн.

Нийт хэрэглэгчдийн 7.2 хувь буюу 46.4 мянга нь аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгч, 92.8 хувь буюу 602.9 мянга нь ахуйн хэрэглэгчид байна гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан танилцуулав.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Эрчим хүчний зохицуулах хороо байгуулагдаад удаагүй ч өөрийн гэсэн үүргээ сайн биелүүлж, эрчим хүчний системийг эдийн засгийн хямралаас гаргахад голлох нөлөө үзүүлж ажилласан. Төрийн ажил шуурхай, хүнд сурталгүй, шударга байх учиртай. Тиймээс хүн бүр ажилдаа хариуцлагатай хандаж, төр, иргэн хоёрыг холбох гүүр байх учиртай” гэдгийг санууллаа.

Эрчим хүчний яам