"Автомашины дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр болгох саналыг ярилцаж байна", "Ирэх оноос хэрэгжүүлэхээр боллоо" гэх мэдээллүүд сүүлийн өдрүүдэд цахимаар цацагдаад буй.

Олон нийт ч уг саналыг "дэмжинэ, дэмжихгүй" гэсэн байр суурийг цахимаар илэрхийлж, санал хуваагдаад байна.

Тус асуудлаар Нийслэлийн хэвлэл, мэдээллийн албанаас тодруулахад "Дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр болгох саналыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр хэлэлцсэн. Тодорхой шийдвэр гараагүй" гэсэн мэдээлэл өглөө.

Мөн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас лавлахад "Түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд олон ажил хэрэгжүүлэх саналыг бодлогын түвшинд хэлэлцэж байна. Үүнд, хүүхдийн автобус, нийтийн тээврийн автобусны парк шинэчлэл, дугаарын хязгаарлалт зэрэг олон зүйл орж буй. Эдгээрийг хэлэлцэж байна. Дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлэхээр батласан, хэд дэх өдөр ямар дугаар явахгүй зэрэг тодорхой шийдвэр гараагүй" хэмээлээ.