УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангуулах зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн. 

Хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д. Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал болон холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцов. 

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, “2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар 1992 оны Үндсэн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, тэдгээрийн ажилтнуудын нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсон. Энэ мэдээлэлд төрийн нууцад хамаарах асуудал болон, хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар төрийн маш нууц гэсэн дардастайгаар УИХ-ын Байнгын хорооны гишүүдэд танилцуулагдсан учраас УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтын дагуу хаалттай горимоор явуулсан” гэв. 

Мөн тэрбээр “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол зохион байгуулалтын агуулгатай учраас асуудлыг нээлттэй хэлэлцэх болсноо мэдэгдсэн. Уг тогтоолд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг тусгаж, баталсан бөгөөд, Засгийн газарт дөрөв, Гадаад харилцааны яаманд зургаа, Тагнуулын ерөнхий газарт нэг, Цагдаагийн ерөнхий газарт хоёр зүйл, заалтаар тус тус чиглэл өгсөн байна. 

Байнгын хорооны тогтоолын дагуу авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тус яамны боловсон хүчний томилгоотой холбоотой асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийлээ. 


Тэрбээр мэдээлэлдээ "Их хэмжээгээр хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д баривчлагдан шалгагдаж буй, Турк улсын Станбул хотод суугаа ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан. 

Тус улсын хууль, шүүхийн байгууллагын шалгалтын үр дүнгээс хамаарч зохих арга хэмжээг тухайн үед нь авна" гэв.

Мөн Дипломат албаны тухай хууль, дипломат ажилтны сахилгын тухай дүрэм, байгууллагын дотоод журам, дипломат төлөөлөгчийн газар томилогдсон дипломат болон үйлчилгээ, техникийн ажилтнуудтай байгуулдаг томилолтын гэрээнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлдөг эм, тамхи зэргийг хувийн ашиг хонжоо олох зорилгоор тээвэрлэх, аливаа улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Монгол Улсын дипломат албаны нэр хүндэд харш, ноцтой зөрчилд тооцон дипломат албанаас халдаг. 

Ийнхүү халдаг нь тухайн ажилтныг дипломат албанд буцаан авахгүй байх үндэслэл болдог эрх зүйн зохицуулалт байгаа. Эдгээр зохицуулалтын дагуу тухайн албанд хариуцлага алдсан ажилтнуудыг  дипломат албанаас халж ирсэн бөгөөд цаашид хариуцлага тооцож ажиллана гэдгийг сайд мэдээлэлдээ онцлов. 

Дипломат төлөөлөгчийн газар ажиллах хугацаандаа мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг зөрчилд холбогдож байсан боловч төрийн  албанд үргэлжлүүлэн ажиллаж байсан албан тушаалтнуудыг шалган тогтоож, төрийн албанаас нэн даруй чөлөөлөх хүрээнд ажиллаж байна. 

Түүнчлэн энэ хүрээнд гадаадад биечлэн саатуулагдан шалгагдсан гурван ажилтан байгаагаас хоёр нь халагдсан бөгөөд нэгийг нь шалгаж, халах арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ эрх зүйн туслалцааны гэрээний дагуу Польшийн талаас манай эрх бүхий байгууллагад хандан лавлагаа авч байсан дээрх төрлийн хэрэг зөрчил үйлдсэн гэх хүмүүсийн асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Мөн УИХ-ын холбогдох Байнгын хороотой хамтран Гадаад харилцааны яамны нийт албан хаагчдын томилогдсон шийдвэрийг нягтлан шалгах ажлыг зохион байгуулна" хэмээлээ.