Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд И.Бродскийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцааны өнөөгийн түвшин болон ойрын хугацаанд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. 

Сайд Д.Цогтбаатар Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж буйг цохон тэмдэглээд цаашид худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг авах, хоёр орны аж ахуйн нэгжүүдийг холбох төслүүдийг тодорхойлох, Чехийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тодорхой зорилтыг дэвшүүлж, хамтран ажиллахыг хүсэлт болгов.

Элчин сайд И.Бродский Чехийн Сенатын дарга Милан Штех Монгол Улсад түр саатах үеэр хүндэтгэл үзүүлж, бараалхсанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт талархал илэрхийлээд Монгол Улсад эрчим хүч, дэд бүтэц, иргэний нисэх, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй хоёр талын хамтын ажиллагааны талаар танилцууллаа.  

Монгол Улстай харилцан ашигтай, урт хугацааны эдийн засгийн хамтын ажиллагааг Монгол түншүүдтэй хамтран ажиллах замаар хөгжүүлэхэд Элчин сайдын яамны хамт олон шаргуу ажиллаж буйг онцлохын сацуу Монгол иргэд Чех Улсад зорчих виз мэдүүлэх системийг найдвартай, түргэн шуурхай болгох, ая тухтай нөхцөлд хүлээн авах чиглэлээр авч буй арга хэмжээний талаар дурдлаа.

ГХЯ