АНУ-БНАСАУ-ын удирдагчдын уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хөтөлбөрийн дагуу хэвлэлийн бага хуралд оролцож, "бид маш үр өгөөжтэй хэлэлцээг өрнүүлсэн хэдий ч хэлэлцээр байгуулахуйц чухал зүйл байсангүй" гэж мэдэгдсэн байна.

“БНАСАУ хориг арга хэмжээг цуцлах хүсэлтэй байсан уу?” хэмээх сэтгүүлчийн асуултад Д.Трамп “тийм” гэж хариулжээ. “Үнэндээ тэд хориг арга хэмжээг бүхлээр нь цуцлахыг хүссэн гэвч бид үүнийг хийж чадахгүй шүү дээ” гэж Д.Трамп хэлжээ. “Бид зорилгоосоо ухрахгүй. БНАСАУ-тай цаашид яриа хэлэлцээ хийх болно" гэж нэмж хэлэв.

“Ким Жөн Ун цөмийн зэвсгээс ангижрахыг хүссэн боловч бидний хүсэж байсан хэмжээнд хүрээгүй” гэж Д.Трамп БНАСАУ-ын удирдагчийн талаар хэлсэн байна. Мөн тэрбээр, дээд хэмжээний уулзалт амжилттай болоогүйн гол шалтгаан нь хориг арга хэмжээтэй холбоотой гэв.

Мөн Ким Жөн Ун ирээдүйд цөмийн эсвэл пуушингийн туршилт явуулахгүй гэдгээ амласан байна.

БНАСАУ-ын удирдагчид тодорхой зорилт байсан боловч тэрхүү зорилт нь биднийхтэй нийцээгүй. Гэсэн хэдий ч жилийн өмнө тавьсан шаардлага нэлээд дөхсөн байгаа бөгөөд бид цаашид уг зорилтод хүрнэ гэж бодож байна” гэж АНУ-ын төрийн тэргүүн хэлжээ.  

“Одоогийн байдлаар гурав дахь дээд хэмжээний уулзалтын талаар төлөвлөгөө байхгүй байна” гэж Д.Трамп нэмж хэлжээ. Мөн тэрбээр, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай тун удахгүй утсаар ярина гэж мэдэгдсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN