Хууль бус зүйл хийгээгүй учир хариуцлага алдсаных нь төлөө албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэхээс айхгүй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Америкийн төрийн тэргүүний хэлснээр, тэрбээр улс орны эдийн засгийг өндөр түвшинд хүргэсэн байна. Энэ тухай Трамп Reuters агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Шүүхэд татаж магадгүй эсэх тухай асуултад хариулахдаа, тэрбээр “энэ асуудалд би түгшиж санаа зовохгүй байна. Хэрэв ийм зүйл болбол хүмүүс эсэргүүцэж, үймээн бослого гаргах байх гэж бодож байна” гэжээ.

Трампыг хэд хэдэн шалтгааны улмаас албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэнэ гэж Ардчилсан нам, сөрөг хүчний хэвлэл мэдээллийнхэн урьдчилан таамаглаж байгаа аж. Тухайлбал, сонгуулийн үйл явцад нөлөөлөх зорилгоор хоёр эмэгтэйд мөнгө төлж гэмт хэрэг үйлдэхийг өөрт нь тушаасан гэж Трампын хувийн өмгөөлөгч Майкл Коэн хүлээн зөвшөөрч ярьсныг гол шалтгаанаар нэрлэж байгаа юм. Үүний төлөө түүнийг сонгуулийн сангийн мөнгийг буруугаар ашигласан хэрэгт буруутгаж магадгүй. Өмгөөлөгч үүнээс гадна, Трамп ОХУ-тай зарим талаар холбоотой байсныг хэлсэн боловч тусгай прокурор Роберт Мюллер түүнийг Москватай хуйвалдсан тухай ямар ч нотолгоо гаргаж өгөөгүй байна.

Хэрэв Ардчилсан намынхан өөрийг нь  албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлбэл эдийн засаг уналтад орно гэж АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэж байв.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, АР