АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 73 дугаар чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо ням гарагт хүрэлцэн иржээ. Энэ тухай түүний нийгмийн сүлжээн дэх харилцаа холбооны асуудал хариуцсан туслах Дэниэл Скавино мэдээлсэн байна.

Америкийн Ерөнхийлөгчийн нисдэг тэрэг тус улсын Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн өмнөд хэсэгт байрлах талбайнуудын нэгд үдээс хойш газарджээ. Дональд Трампын нисдэг тэрэгнээсээ буугаад лимузин машинд сууж буй зургийг Дэниэл Скавино“Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.

Дональд Трамп даваа гарагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзана. Японы Ерөнхий сайдтай  хоёр орны “батлан хамгаалах болон худалдааны” асуудлаар хэлэлцээ хийнэ гэж Америкийн Цагаан ордны тэргүүн “Twitter” дэх хуудсандаа бичжээ. Трампын хэлснээр, “Япон улсад туслахын тулд АНУ-ын эрх баригчид маш олон зүйлийг хийсэн” бөгөөд одоо Токиогийн зүгээс харилцан ашигтай илүү олон алхамуудыг хүлээж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч мягмар гарагт НҮБ-ын ЕА-н нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол лхагва гарагт болох НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ хуралдааныг даргалан явуулна. Уг хуралдаанаар химийн болон цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлыг хэлэлцэх аж.

НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейлигийн урьд нь мэдээлж байснаар, Трамп НҮБ-ын ЕА-д үг хэлэхдээ, тухайлбал, АНУ-ын гадаад бодлогын амжилтын тухай дурдах аж. Харин НҮБ-ын АЗ-ийн хуралдаанаар Иран болон БНАСАУ-тай хийж буй харилцаа болон химийн зэвсгийн асуудал, мөн Скрипалийн гэж нэрлэсэн хэргийн талаар хөндөх юм.

НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганд оролцох үеэрээ Трамп Их Британи, Египет, Израиль, БНСУ, Франц, Японы удирдагчидтай хоёр талын уулзалт хийнэ гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг