БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай сайхан харилцаатай байгаа гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп онцлон тэмдэглээд, "бид бие биедээ хайртай болсон" гэж мэдэгджээ.

БНАСАУ-ын удирдагч яриа хэлэлцээ хийхийг хүссэн учраас түүнтэй дахин уулзалт хийхээр шийдсэн гэж тэрбээр Баруун Виржиниа муж улсад болсон кампанит ажлын үеэр мэдэгдэв.

Мөн тэрбээр, “Би түүнд дуртай, тэр ч бас надад дуртай. Энэ сайн хэрэг гэдэгт би итгэж байна. Ким Жөн Ун надад маш сайхан захидал илгээсэн” гэж хэлжээ.

Д.Трамп ингэж мэдэгдэл хийснээрээ АНУ-БНАСАУ-ын харилцаа сайжирч байгааг онцлон харуулах хүсэлтэй байна гэж шинжээчид үзжээ. Энэ нь мөн 11 дүгээр сард болох завсрын сонгуультай холбоотой ч байж болох юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ сард БНАСАУ-д айлчилж, хоёр удирдагчийн уулзалтын бэлтгэл ажлыг хийх билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг