АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш олны өмнө анх удаа амны хаалттай гарч иржээ.

Бямба гарагт тэрбээр байлдааны ажиллагааны бүсүүдэд шархадсан цэргүүд болон “Covid-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгийн ажилтнуудтай уулзахаар Вашингтон хотын захад орших “Walter Reed” цэргийн эмнэлэгт очсон байна.

"Хэрэв та нар мэдэхийг хүсэж байгаа бол би маск зүүнэ. Би амны хаалт хэрэглэнэ. Эмнэлэгт, ялангуяа тухайн нөхцөлд жишээ нь олон цэргүүдтэй ярилцаж байгаа бол, мэс заслийн ширээнээс дөнгөж буусан хүмүүстэй харилцахдаа хэрэглэх хэрэгтэй. Амны хаалт хэрэглэх нь гайхалтай зүйл гэж би бодож байна. Би амны хаалтны эсрэг хэзээ ч байгаагүй. Гэхдээ зөв газраа, зөв цагтаа маск зүүх хэрэгтэй гэж би итгэдэг," гэж Трамп сэтгүүлчдэд хэлжээ.