МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгосон.

Уг хуралдааны дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрээр "УИХ, намын бүлгийн гишүүдийн нэр хүндийг дээшлүүлэх, бүлгийн гишүүдийн эв нэгдэл болон тэдний эрхийг хамгаалах зэрэг асуудлуудад шинээр сонгогдсон бүлгийн даргын хувьд анхаарч ажиллана. Энэ удаагийн УИХ-ын хууль батлах үйл ажиллагаа доголдолгүй явагдаж байгаа.

Намын гишүүдийн эв нэгдлийн хувьд хоорондоо ярилцах, хэлэлцэх, шүүмжлэх асуудал олон байна. Цаашид миний хийх хамгийн гол ажил бол бүлгийн эв нэгдлийг хангаж ажиллах юм. Сая бүлгийн хуралдаанаар ч энэ асуудлыг ярилаа. 

МАН-ын бүлэг дотор ЖДҮ-ийн асуудалд холбогдсон гишүүд байгаа. Эдгээр хүмүүс ёс зүйн хүрээнд хариуцлагаа хүлээсэн, хууль зүйн хүрээнд хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа" гэдгийг хэллээ.