УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Тогтохсүрэн бүлгийн хуралдааны талаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр хэлэхдээ "Хуваарийн дагуу МАН-ын бүлэг хуралдаж сая дууслаа. Бүлгийн хурлаар 2 асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт нь, элчин сайд нартай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн жил Австрали, Тайланд, БНСУ-д суух элчин сайд нарыг УИХ-аар зөвшилцсөн. Тэнгэр, Чингүүндарь, Хурц нар томилогдсон боловч эдгээр хүмүүстэй холбоотой томилгооны асуудал жил гаруй саатаж байна. Энд янз бүрийн шалтаг шалтгаан байгаа. Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны сайд буцааж татах нь зүйтэй, төрийн ажил гацаж, тухайн улс оронд хийгдэх ажлууд хойшлогдож байна гэсэн санал тавьсан. Үүнийг бүлгийн гишүүд хэлэлцээд зүйтэй. Ер нь цаашдаа энэ 3 улстай холбоотой элчин сайдын асуудлыг аль болохоор хурдан шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ. 

Хоёрдугаарт нь, Үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар санал солилцох хэлбэрээр ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барисан УИХ-ын дэгийн тухай хууль болон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах түүнийг дагаж өргөн барисан УИХ-ын тухай хуулийг хэдийд яаж хэлэлцэх вэ? гэдэг асуудлаар санал солилцоод энэ долоо хоногт багтааж энэ хуулийг батлах нь зүйтэй юм байна гэж үзлээ. 4 дэх өдөр анхны хэлэлцүүлэг хийгдэнэ. 5 дахь өдөр эцсийн хэлэлцүүлэг хийж энэ долоо хоногтоо багтааж энэ хуулийг батлах нь зүйтэй гэж бүлгийн хуралдаанаар үзлээ. 

Ийм хоёр асуудлыг бүлгийн хуралдаан өнөөдөр хэлэлцлээ" гэв. 

Дараа нь сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариуллаа. 

Мэдээллийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.