УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Тус тойргоос сонгогдсон Д.Сумъяабазар хүсэлтээрээ УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж, Хотын даргаар сонгогдсон. Үүнтэй холбогдуулан УИХ нөхөн сонгууль зарлах шаардлага үүсээд буй. 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “УИХ нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө, нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана” гэж заасан. Хуульд заасан хугацаа 12 дугаар сарын 13-ны өдөр дуусах тул хуулийн хугацаанд багтаан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай аж. 

Төсөлд УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулахаар тусгасан байна.

УИХ-ын сонгуулийн нөхөн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хамт зохион байгуулахад үүсэх хүндрэл, зөрчлийн талаарх асуултад Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хариулахдаа, зардлын хувьд хэмнэлт гарах хэдий ч иргэдийн шилжилт хөдөлгөөн, сонгуулийн сурталчилгааны хугацаа гэх мэт тус тусдаа зохицуулалттай хоёр сонгууль. Эрх зүйн зохицуулалт хооронд зөрчил үүсэх, саналын хуудасны программчлалтай холбоотой хүндрэл үүсэх магадлалтай гэлээ.

Сонгууль болсны дараа сонгуулийн дүнтэй холбоотой маргаан үүсэхээс сэргийлж холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналыг Ё.Баатарбилэг гишүүн гаргасан Ж.Сүхбаатар гишүүн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа хэлээд, санал хураалтын системтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал хураалтын системтэй холбоотой үг хэлж, саналын хуудсын программчлалтай холбоотой санал хэлэв. Бусад улс орнуудын сонгуульдаа хэрэглэдэг шинэ технологиудын талаарх мэдээллийг Ж.Мөнхбат гишүүн дурдаад “Иргэдийн сонгох эрхийг баталгаатай хангах, сонгуулийг маргаангүй зохион байгуулах үүднээс бид санал хураалтын систем, технологийг шинэчлэх шаардлагатай” гэв. 

Аль ч шатны сонгуульд оролцсон иргэнд хурууны тэмдэглэгээ хийдэг байх зохицуулалтыг нэвтрүүлэх саналыг Ж.Батсуурь гишүүн гаргасан бол С.Бямбацогт гишүүн тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал хэллээ. 

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийг дангаар нь зохион байгуулсан тохиолдолд 1 тэрбум гаруй төгрөг, харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулсан тохиолдолд 100 гаруй сая төгрөгийн зардалтайг Байнгын хорооны дарга онцоллоо.

Мөн цар тахал нүүрлээд байгаа энэ цаг үед татвар төлөгчдийн мөнгийг болох хэмжээгээрээ хэмнэх, зарцуулалт бүр үр ашигтай, оновчтой байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлэв. 

Ингээд УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэхээр, УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөртэй хамт явуулах зохицуулалтыг тусгасан тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь дэмжлээ.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны гишүүдийн 93.8 хувь нь, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны гишүүдийн 53.3 хувь нь дэмжсэн тул санал, дүгнэлтүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд тус бүрд нь танилцуулахаар шийдвэрлэлээ.